УИХ-ын сонгуулийн тухай хуулийг батлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2019-12-20 14:10:33
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, Л.Энх-Амгалан нарын зургаан гишүүний өргөн мэдүүлсэн УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг батлав. 


УИХ-ын чуулганы энэ сарын 19-ний нэгдсэн хуралдаанаар тус төслийн эцсийн хэлэлцүүлгийг эхлүүлсэн. Өнөөдрийн хуралдаанаар, төслийг үргэлжлүүлэн хэлэлцэж, Төрийн байгуулалтын байнгын хорооноос бэлтгэн ирүүлсэн зарчмын зөрүүтэй 14 саналын томьёоллоор санал хураан шийдвэрлэв. Тухайлбал, төслийн 45 дугаар зүйлийн 45.6 дахь хэсгийг “Энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө УИХ-ын гишүүн хийсэн ажлын тайлангаа танилцуулах зорилгоор сонгогчидтой хийсэн уулзалт болон энэ хуулиар хориглоогүй арга хэмжээ нь сонгогчдын санал татах зорилгоор явуулж байгаа ажилд хамаарахгүй” гэж тус тус өөрчлөн найруулахыг дэмжив.


Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед төслийн 30 дугаар зүйлд “Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байсан бол нэр дэвшихийг хориглоно” гэсэн агуулгатай 30.8 дахь хэсгийг нэмэх санал дэмжигдсэн. Гэвч сонгуулийн тухай хуулийн нэр дэвшигч "ялгүй байх" гэсэн заалт нь Үндсэн хууль зөрчсөн гэх Үндсэн хуулийн цэцийн 2008 оны 6 дугаар дүгнэлт гарсан байна. Тиймээс ажлын багаас уг заалтыг хасах санал гаргасныг Төрийн байгуулалтын байнгын хорооо дэмжсэн. Харин дээрх заалтыг хасах ажлын баг болон Байнгын хорооны саналыг чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх дэмжсэнгүй. Өөрөөр хэлбэл, Т.Аюурсайхан гишүүний гаргасан уг заалт хуульд хэвээр үлдлээ. 


Мөн төслийн 21 дүгээр зүйлд “Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага ээлжит сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвслийг төлөөлөх эрх бүхий этгээдийн хүсэлтийн дагуу энэ хуулийн 21.9-д заасан сонгогчдын нэрийн жагсаалтыг санал авах өдрөөс 20-иос доошгүй хоногийн өмнө цахим хэлбэрээр нэг удаа олгоно” гэсэн агуулгатай хэсгийг нэмж, дугаарыг өөрчлөхийг гишүүдийн дийлэнх нь дэмжив.


Ингээд гишүүдийн олонх УИХ-ын сонгуулийн тухай хуулийг бүхэлд нь батлахыг дэмжлээ.

Холбоотой мэдээ