“Биокомбинат”-ыг шинэчлэхэд 57 сая ам.доллар зарцуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, Санхүүгийн хамтын ажиллагааны ерөнхий хөтөлбөрийн тухай хэлэлцээрийн нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийг батлав.
УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар төслийг танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа, "Сонгино дахь “Биокомбинат” УТҮГ-ын шинэчлэлийн төслийн төсөвт өртгийг 25 сая ам.доллараас 57 сая ам.доллар болгон нэмэгдүүлэхээр Монгол Улсын Засгийн газар, Унгар Улсын Засгийн газар хооронд байгуулсан Санхүүгийн хамтын ажиллагааны ерөнхий хөтөлбөрийн тухай хэлэлцээрийн нэмэлт, өөрчлөлтийг энэ оны 11 дүгээр сарын 20-нд гарын үсэг зурсан. Унгар Улсын Засгийн газрын зээлийн хугацаа 17.5 жил бөгөөд үндсэн зээлийн төлбөрөөс эхний 4 жил чөлөөлөгдөнө. Зээл нь хүүгүй, Олон улсын валютын сангийн аргачлалаар хөнгөлөлтийн түвшин 40.47 хувь болно гэдгийг дурдсан. УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо энэ сарын 17-ны хуралдаанаараа төслийг хэлэлцэж, соёрхон батлах нь зүйтэй гэж үзсэн талаарх санал, дүгнэлтийг тус Байнгын хорооны дарга Т.Аюурсайхан танилцуулав.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй тул Байнгын хорооны саналаар Санхүүгийн хамтын ажиллагааны ерөнхий хөтөлбөрийн тухай хэлэлцээрийн нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийг гишүүдийн 52.5 хувь нь дэмжив.