Ирак дахь АНУ-ын ЭСЯ-ны байр луу халджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2020-01-02 10:11:00

БАГДАД. /BBC/. Ираны дэмжлэгтэй бүлэглэлтэй холбоотой цэргийн байгууламжуудыг онилон өгсөн АНУ-ын агаарын цохилтыг эсэргүүцэгчид Ирак дахь АНУ-ын Элчин сайдын яамны /ЭСЯ/ байр луу мягмар гарагт халдаж, тэдний жагсаал лхагва гарагт үргэлжилжээ.


Лхагва гарагт жагсагчид ЭСЯ-ны байр луу чулуу шидсэн бол АНУ-ын хүчин нулимс асгаруулагч хий ашиглажээ. АНУ, Ираны хурцадмал байдал даамжирч буй үед Америкийн Зэвсэгт хүчин өнгөрсөн ням гарагт “Катаиб Хезболла” бүлэглэлийн босогчдыг онилон агаарын цохилт өгсөн юм.


Мягмар гарагт болсон халдлагын үеэр АНУ-ын нэг ч албан хаагч гэмтээгүй боловч цаашид хэн нэгэн гэмтсэн юм уу амиа алдсан тохиолдолд үүний “шанг” Иран амсах болно гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Twitter” хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна. "Энэ бол анхааруулга бус заналхийлэл юм" хэмээн тэрбээр нийтэлжээ.


Үүний хариуд Ираны шашны дээд удирдагч Аятолла Али Хаменеи мэдэгдэхдээ, АНУ “тийм зүйл” хийж чадахгүй, Иракт Америкийн эсрэг үзэл дэлгэрсэн гэжээ. Мөн Багдад хот дахь АНУ-ын ЭСЯ-ны байрны гадна болсон жагсаалыг Техран зохион байгуулсан гэх мэдээллийг няцаасан байна. 

Холбоотой мэдээ