Баярын өдрүүдэд иргэдээс есөн гомдол мэдээлэл ирснийг тухай бүр шийдвэрлэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2020-01-02 17:59:06

Архангай /МОНЦАМЭ/. Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн ерөнхий командлагчийн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/305 тушаалаар 2019 оны 12 дугаар сарын 30, 31-ний өдөр, 2020 оны 01 дүгээр сарын 01-ны өдрүүдэд Архангай аймгийн Цагдаагийн газрын нийт бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажилласан.  Дээрх өдрүүдээр цагдаагийн газарт иргэд, аж ахуй нэгж, байгууллагаас гэмт хэргийн шинжтэй 3, зөрчлийн шинжтэй 6 нийт 9 гомдол мэдээлэл ирснийг холбогдох албан тушаалтанд цаг алдалгүй танилцуулж, шийдвэрлүүлсэн байна. Эрүүлжүүлэх саатуулах байранд эрүүлжүүлэгдсэн 1, баривчлагдсан 4, саатуулагдсан 3 хүнтэй хоножээ.

Эргүүл хяналт шалгалтыг зохион байгуулж, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 2 жолоочийн тээврийн хэрэгслийг саатуулж, арга хэмжээ тооцсон байна. Мөн орон нутгийн замаар зорчих хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, хяналт шалгалтыг эрчимжүүлэх зорилгоор аймгийн төв болон орон нутгийн чанартай авто замаар хөдөлгөөнд оролцогч жолооч, иргэдэд гарч болзошгүй зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, ялангуяа өвлийн дугуйг стандартын дагуу тавьж хэрэглэх, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ болон цаг агаарын аюултай үзэгдэл гарч болзошгүй тохиолдолд хөдөлгөөнд оролцохгүй байх талаар 3 төрлийн 1250 ширхэг гарын авлага, санамж тараан өгч ажилласан байна.

Баярын өдрүүдэд согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсний улмаас гудамж  талбай, олон нийтийн газарт ухаангүй унасан 12 иргэнийг ар гэр, асран хамгаалагчид нь хүлээлгэн өгсөн ба согтуугаар зөрчил гаргасан иргэдийг зөрчлийн байдлаас нь шалтгаалж эрүүлжүүлэхгүй ар гэрт нь хүлээлгэн өгч ажиллажээ.

Холбоотой мэдээ