Хятадад хатгаатай төстэй өвчний халдвар авсан хүний тоо нэмэгджээ

Дэлхийд | Эрүүл мэнд
Jargal.d@montsame.mn
2020-01-06 09:57:53

БЭЭЖИН. /RIA Novosti/. БНХАУ-ын Ухань хотод гарал нь үл мэдэгдэх хатгаатай төстэй өвчний халдвар авсан хүний тоо 59 болж нэмэгдсэн бөгөөд тэдний долоогийнх нь биеийн байдал хүнд байна гэж хотын эрүүл мэндийн хэрэг эрхлэх хорооны мэдээлэлд дурджээ. 


Хятадын Хубэй мужийн Ухань хотод хатгаатай төстэй өвчин дэгдсэн тухай тус улсын эрх баригчид 12 дугаар сарын сүүлчээр мэдээлсэн байна. Нэгдүгээр сарын 3-ны байдлаар вируст уушгины үрэвслийн 44 тохиолдол бүртгэгдэж, 11 хүний биеийн байдалд хүнд байжээ. Түүнчлэн халдвар авсан хүмүүстэй шууд харьцсан 121 хүн эмчийн хяналтад байсан байна.


Эпидемиологийн судалгаагаар зарим өвчтөн далайн гаралтай бүтээгдэхүүний зах дээр ажиллаж байсан нь тогтоогджээ. Одоогийн байдлаар уг өвчний халдвар хүнээс хүнд дамждаг гэсэн тодорхой шинж тэмдэг илрээгүй байна. Өвчтөнүүдийн олонх нь халуурч, зарим нь амьсгалахад хүнд байгаа шинж тэмдэг илэрсэн бөгөөд рентген зургаас үзвэл өвчтөний уушги үрэвсжээ. 


Өвчний анхны тохиолдол 12 дугаар сарын 12-нд бүртгэгджээ. Одоогийн байдлаар өвчтөнүүдтэй шууд харьцсан 163 хүн эмчийн хяналтад байгаа аж. Халдвар авсан бүх өвчтөнийг тусгаарласан бөгөөд нас барсан тохиолдол бүртгэгдээгүй байна.



Холбоотой мэдээ