Д.Трамп Ирак, Ираны байдлыг Б.Жонсонтой хэлэлцжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2020-01-06 12:22:44

ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсонтой утсаар ярьж, Ирак, Ираны өнөөгийн байдлыг хэлэлцлээ гэж Цагаан ордны хэвлэлийн алба мэдээлжээ.


Лалын хувьсгалыг хамгаалах корпусын /Ираны Зэвсэгт хүчний элит анги/ “Аль-Кудс” тусгай анги нэгтгэлийн командлагч Касем Сулеймани аюул учруулж байсан бөгөөд бүс нутгийн байдлыг тогтворгүй болгосныхоо хариуцлагыг хүлээсэн гэж Б.Жонсон урьд нь мэдэгдэж байв.


АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын тушаалаар Багдад хотын нисэх онгоцны буудлын бүсэд явж байсан автомашины цуваанд пуужингийн цохилт өгсөн гэж Пентагон баасан гарагт мэдээлжээ. Энэ цохилтын үеэр Сулеймани амиа алдсан юм. АНУ-ын эрх баригчдын үзэж байгаагаар, энэхүү ажиллагаа нь Ойрхи Дорнодод байрлаж буй тус улсын цэргүүдийг хамгаалах зорилготой байсан учраас хамгаалалтын шинж чанартай байжээ.


Энэхүү халдлагын дараа Ираны Үндэсний аюулгүй байдлын дээд зөвлөл яаралтай хуралдаж, Сулейманийн өшөөг авахаа амласан юм.


Холбоотой мэдээ