Тэтгэврийн зээлээс хуримтлал руу

ТОЙМ
erdenebat@montsame.mn
2020-01-06 16:01:31

Монгол улсын Ерөнхийлөгч Х. Баттулга “Өчигдөргүй өнөөдөр, өнөөдөргүй маргааш гэж байхгүй. Алдагдсан байсан Салхитын мөнгөний ордыг эргэлтэд оруулж, ачааны хүндийг үүрсэн ахмадуудын тэтгэврийн зээлийг нэг удаа чөлөөлөх шийдвэр гаргалаа. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл (ҮАБЗ)-ийн гурван гишүүн энэ шийдвэрийг санал нэгтэй гаргасан” гэж хэлсэн билээ. Ерөнхийлөгчийн шинэ жилийн мэндчилгээнд онцлон хэлсэн дээрх үг өнөөдөр олон олон тоо баримтыг иргэдийн өмнө ил  болголоо.

Улсын хэмжээнд 416 мянган ахмад  өндөр настны тэтгэвэр авдаг юм байна. Түүний 229 мянга нь тэтгэврийн зээлтэй. Ийм зээлтэй ахмадуудын 15 500 нь 10 саяас дээш төгрөгийн зээлтэй аж. Аливаа зүйл хоёр талтай, тэр дундаа тэтгэврийн зээл чөлөөлөх энэ үйлдэл түүнээс ч илүү олон талтай байж болно. Энэ төрлийн зээл аваагүй 187 мянган ахмад байна. Тэдний хувьд тэтгэврээрээ “амиа борлуулж, довоо шарлуулж явна” гэж үзэж болно. Тэтгэврийн  зээлийг чөлөөлөхөд ашиглах Салхитын мөнгөний ордын тоон үзүүлэлтийг авч үзье. Энэ орд нь 808 тонн мөнгө, 1 117 кг алтны нөөцтэй аж. Цаашид ордын нөөц нэмэгдэх магадлалтай. Нөөц өсөхөөр өгөөж нэмэгдэнэ гэсэн үг. Сайн хэрэг.

УИХ-ын дарга Г. Занданшатарын тайлбарлаж байгаагаас үзвэл, уг ордыг барьцаалж бонд гаргана. Бонд жилийн зургаан хувийн хүүтэй байна. Энэ бондыг арилжааны банканд байршуулж зээлийн хүүг тэглэнэ. Салхитын ордод үйл ажиллагаа явуулж байгаа “Эрдэнэс Силвер Ресурс” (Эрдэнэс таван толгойн охин компани) компанийн олборлосон мөнгийг Монголбанк худалдаж авна. Тэндээс гарсан мөнгөөр арилжааны банк дахь тэтгэврийн зээл тэглэсэн бондыг мөнгөжүүлнэ.  Үйл явдал энэ хүрээнд өрнөнө гэж урьдчилан тооцжээ.

Ерөнхий сайдын захирамжаар тэтгэврийн зээлийг чөлөөлөх хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийг  ХНХ-ийн сайд С.Чинзоригоор ахлуулан байгуулжээ. Ажлын хэсэгт Хууль зүй, дотоод хэргийн болон  Сангийн сайд нар багтсан бөгөөд ажлын хэсэг (2020-1-3) хуралдаж төслийн эхний хувилбарыг гаргасан аж. Засгийн газрын өнөөдрийн (2020-1-6) хуралдаанаар энэ талаар хэлэлцэв. Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас ахмад настны тэтгэврийн зээлийг чөлөөлөх хуулийн төслийг өнөөдөр (2020-1-6)-т багтаан УИХ-д өргөн мэдүүлэх шийдвэр гаргажээ. УИХ хуулийн төслийг энэ сард багтаан хэлэлцэн батлах юм байна. Энэ бол зээлтэй ахмадуудад хамгийн баяртай мэдээ байх нь ойлгомжтой.

Арилжааны банк (Хаанбанк 60 хувь, Төрийнбанк 35 хувь)-уудад хуримтлагдсан 763 тэрбум төгрөгийг зээлдэгч 229 мянган ахмадад хуваахад дундаж нь гурван сая төгрөг болжээ. Энэ дундаж цаашдаа тэтгэврийн зээл чөлөөлөхөд, гол тулгуур нь болно гэж ахмад эдийн засагч М. Лхагважав хэлж байна. Энэ бол ахмад мэргэжилтний хувийн байр суурь, гэхдээ шийдвэр гаргагчид авч үзэхэд илүүдэхгүй.

Байгалийн баялгийг эргэлтэд оруулж тэтгэврийн зээлийг чөлөөлнө. Ийм гаргалгаа хийж байгаа нөхцөлд зээлгүй ахмадуудад урамшуулал олгох учиртай. Ер нь зээлгүй ахмадууд гэдэг бол авдаг хэддээ хэрэглээгээ тохируулж амьдардаг. Амьдралын зөв дадал, соёл бий болгон бусдад сайн үлгэр дуурайлал үзүүлж байгаа хүмүүс. Тэдэнд урамшуулал олговол, түүгээрээ тэргэврийн хуримтлалын суурь хийх нөхцөл бүрдэнэ. Ийм чадамж тэдэнд бий. Ингэж чадсан байхад, зээлтэй нь зээлээс чөлөөлөгдөж, зээлгүй нь хуримтлалтай болж ахмадууд бүгд баярлана. Түүгээр зогсохгүй иргэдийн шударга ёсны хүсэмжлэл хангах сайн талтай. Ахмадууд тэтгэврийн зээлээс тэтгэврийн хуримтлал руу шилжих эхний алхам энэ байх  болно.  

Холбоотой мэдээ