Нарийнтээлийнхэн томоохон бүтээн байгуулалтаар шинэ оноо угтлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2020-01-07 11:54:50

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Нарийнтээл сумын 450 гаруй сурагч шинэ барилга бүхий сургуульд суралцаж эхэллээ.

Хуучин сургууль нь 1975 онд ашиглалтад орсон бөгөөд 320 сурагч хичээллэх суудалтай учраас анги танхим хүрэлцээгүй, хаалга, шал, дээврээс дулаан алддаг, хүүхдүүдийг хичээлээс бус цагаар хөгжүүлэх боломжгүй байжээ. Улсын төсвийн 1.5 тэрбум төгрөгөөр 240 хүүхдийн суудалтай, стандартын шаардлагад нийцсэн, эрүүл, аюулгүй орчин бүхий сургуулийг барьж, ашиглалтад оруулснаар сурагчид хоёр сургуульд нэг ээлжээр суралцах боломжтой боллоо.

Мөн сургуулийн өмнөх талбайд Нарийнтээл нутгийн хүү, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, даяар дуурсагдах далай даян дархан аварга Дашдоржийн Цэрэнтогтохын дурсгалын хөшөөг босгоод байна. Энэ үеэр аваргын хөшөө, шинэ сургуулийн нээлтэд зориулсан улс, аймаг, сумын цолтой хүчит 64 бөхийн барилдааныг зохион байгуулж, Улсын арслан Д.Ганхуяг түрүүлж, аймгийн харцага Ц.Бямба-Отгон үзүүрлэсэн юм.

Холбоотой мэдээ