Рэпер Лудакрис Африкийн орны иргэншил авжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2020-01-07 13:23:54

ВАШИНГТОН. /BBC/. Африк-Америк гаралтай рэпер, жүжигчин Лудакрис Африкийн орны иргэншил авсан байна. Рэперийн жинхэнэ нэрийг Кристофер Брайан Брижес гэдэг бөгөөд тэрбээр зул сар болон шинэ жилийн баяраа иргэншил авсан Габон улсдаа тэмдэглэн өнгөрүүлжээ. Рэперийн гэргий, загвар өмсөгч Эдокси Габоны иргэн юм.


Лудакрис “Twitter” хуудсандаа нийтэлсэн дүрс бичлэгийнхээ үеэр Габоны паспортоо харуулж, ээж, хоёр охиноо мөн Габоны иргэншил авсан талаар хэлжээ. Сүүлийн жилүүдэд Африк-Америк гаралтай алдартнууд Африкийн орны иргэншил авах, гарал үүслээ тодорхойлохоор Африк руу аялах тохиолдол нэмэгдсэн байна.


Африк-Америк гаралтай хүмүүст иргэншил олгодог улс зөвхөн Габон биш юм. 2019 оны тавдугаар сард комедиан, жүжигчин Тиффани Хэддиш иргэншил авсан Эритрей улс руугаа аялсан бөгөөд тэрбээр Эритрейн тоталитар Засгийн газрыг эсэргүүцэгчдийн шүүмжлэлд өртжээ. Мөн алдарт жүжигчин Сэмюэл Л Жексон Ганын иргэншил авжээ.


Африкчууд Хойд Америкт боолчлогдон ирсний 400 жилийн ойг тохиолдуулан Гана улсын Засгийн газраас санаачилсан “Эх орондоо эргэн ирэх жил” хөтөлбөрийн хүрээнд Африк-Америк, Африк-Кариб гаралтай 126 хүн Ганын иргэншил авсантай холбогдуулан өнгөрсөн 11 дүгээр сард тус улсад олныг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулсан байна.


“Бидний өвөг дээдэс хувь тавиландаа бууж өгөөгүй. Та нар бидний үзэл бодол, оюун санааг хорьж чадахгүй. Тэд бидэнд “эргэж ирэх” эрхийг олголоо” гэж Лудакрис “Instagram” хуудсандаа өөрийн зургийн хамт нийтэлжээ. Лудакрис уг зургийг авхуулахдаа “Африкт төрснөөрөө би Африк хүн болохгүй. Африк дотор минь байдаг учраас би Африк хүн. Би эргэн ирлээ” хэмээн бичсэн богино ханцуйтай цамц өмсжээ. Энэхүү үг нь Ганын Засгийн газрын “Эх орондоо эргэн ирэх жил” санаачилгын уриа ажээ. 

Холбоотой мэдээ