Ж.Батзандан: Тэтгэврийн зээл тэглэх 750 тэрбум төгрөгийг бүх ахмадад тэгш хүртээх нь зүйтэй

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2020-01-08 11:58:56
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ШИНЭ намын удирдах зөвлөл өчигдөр хуралдаж, тэтгэврийн зээлийг тэглэх 750 тэрбум төгрөгийг 305 мянган ахмадад тэгш хуваах нь зүйтэй гэсэн санал гаргаж УИХ-д хүргүүлэхээр болсныг тус намын УИХ-д суудалтай төлөөлөл өнөөдөр мэдээлэв. 


ҮАБЗ-өөс Салхитын мөнгөний ордыг барьцаалан бонд гаргаж, 750 тэрбум төгрөгийг ахмадын тэтгэврийн зээлийг тэглэхэд зарцуулах зөвлөмж гаргаад буйг УИХ-ын гишүүн, ШИНЭН-ын дарга Ж.Батзандан мэдээллийнхээ эхэнд эргэн сануулав. Тэрбээр, “Улсын хэмжээнд 305 мянган тэтгэврийн насны ахмад байна. 750 тэрбум төгрөгөөр зөвхөн зээл авсан 240 мянган ахмадын тэтгэврийн зээлийг тэглэх нь төр ард иргэдээ ялгаварлан гадуурхахгүй гэсэн Үндсэн хуулийн суурь зарчмыг зөрчинө. Тиймээс Үндсэн хууль зөрчихгүйн тулд энэ мөнгийг тэтгэвэр авч байгаа нийт ахмадад тэгш хүртээх хэрэгтэй. Ингэснээр, нэг иргэнд дунджаар хоёр сая 500 мянган төгрөг оногдоно” гэлээ. 


Иргэдийн дийлэнх нь Хаан банканд зээлтэй байдгийг тэрээр тодотгоод, тус банканд 500 гаруй тэрбум төгрөг шилжүүлж зарим улс төрч тодорхой хувийг нь хувьчлахаар санаархаж байгаа гэсэн болгоомжлол байгааг дурдав. Тиймээс Салхитын мөнгөний ордоос гарсан ашгийг шууд иргэдийн дансанд шилжүүлж олгох нь зүйтэй гэсэн байр суурь илэрхийлж байна гэлээ.

Холбоотой мэдээ