Л.Бетховены 250 жилийн ойн салхийг төгөлдөр хуурч С.Саянцэцэг хагаллаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГУлаанбаатар /МОНЦАМЭ/. Төгөлдөр хуурч Сангидоржийн Саянцэцэг энэ сарын 4-нд Л.Бетховены мэндэлсний 250 жилийн ойд зориулсан тоглолтоо амжилттай толилууллаа. Дэлхийн суут хөгжмийн зохиолчдын нэг Людвиг ван Бетховены мэндэлсний ойг энэ онд дэлхий даяар тэмдэглэх юм.
Тэрээр 1770 оны 12 дугаар сарын 16-нд Германы Бонн хотноо мэндэлжээ. Бетховенд зориулсан тоглолтыг төгөлдөр хуурч С.Саянцэцэг өмнө нь ч хийж байжээ. Энэ тухай түүний дүү, хөгжмийн зохиолч С.Сансаргэрэлтэх дурсахдаа, “Нью-Йорк хотын алдарт Карнегийн танхимын зарын самбарт 2007 оны намар анх удаа монгол хөгжимчин Сангидоржийн Саянцэцэг гэх нэр зурагтайгаа тавигдсан. Энэ тоглолтод эгч маань маш хүнд, хүчирхэг бүтээлүүдийг 2 цагийн турш гоцлон тоглосон. Сүүлийн аккордыг тоглож дуусгахад нь "Браво" гэж танхим нүргэтэл алга ташилтад сая л нэг би бүтэн амьсгаа авч, эгчийнхээ хүнд хөдөлмөрийг бишрэн сууж билээ" гэжээ. Тус тоглолтын тухай Нью-Йорк хотын "Концерт Ревью" сэтгүүлд "Сангидоржийн Саянцэцэг алдарт хөгжимчин В.Хоровицыг санагдуулам тоглолоо" гэж бичиж байсан аж.