Баруун-Урт сумын хэмжээнд 700 орчим гэрэл хэвийн асаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2020-01-07 20:16:38

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн төвийн өнгө үзэмжийг нэмэгдүүлэх, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Баруун-Урт сумын ЗДТГ, ИТХ-аас гудамж, зам талбайн гэрэлтүүлгийг нэмэгдүүлэх чиглэлээр багагүй анхаарч, тодорхой хөрөнгө мөнгийг ч төсөвлөсөн. Үүний үр дүнд одоогоор Баруун-Урт сумын хэмжээнд 700 орчим гэрэл хэвийн асаж байна.

Сумын хэмжээнд гэрэлтүүлгийн ажлыг "Уртын Гэгээ" ОНӨТҮГ хариуцдаг бөгөөд гэрэлтүүлгийн шон засах, эвдэрч шатсан гэрлийг солих ажлуудыг тогтмол хийж байна. Ингэхдээ байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй эко гэрлийг ашиглаж эхэлсэн байна. Мөн бусад гэрлийг бүрэн ийм төрлийн гэрлээр солино гэдгийг тус газрын дарга Н.Энхжаргал онцлов.

Гэрэлтүүлгийн ажилтай сумын Засаг дарга, хотын захирагч М.Идэрбат, ИТХ-ын дарга Р.Алтаннар нар биечлэн танилцаж, үр дүнг нь сайшаалаа. Улмаар сум орон нутгийн удирдлагуудын зүгээс цаашид гэрэлтүүлгийг илүү сайжруулахад анхаарч, шаардлагатай хөрөнгө мөнгийг шийдвэрлэнэ гэдгээ мэдэгдсэн юм.

Холбоотой мэдээ