Энэ өвөл 10.2 сая толгой мал оторлож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2020-01-07 19:19:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ жил улсын хэмжээнд 10.2 сая толгой мал оторлож байна. Өмнөх жилийнхтэй харьцуулахад, энэ нь 2 дахин өссөн тухай ХХААХҮЯ-наас мэдээлж байна. 

Нийт нутгаар цаг агаар харьцангуй тогтуун байгаа тул өвөлжилт хэвийн, одоогийн байдлаар өвөлжилт хүндэрсэн аймаг, сум байхгүй байна. Гэхдээ бэлчээрийн даац хэтрэх, өвс тэжээл хомсдох эрсдэлтэй байна. Одоогийн байдлаар Архангай, Булган, Дундговь, Өвөрхангай аймагт цас их ороод буй учир дээрх аймгуудад 350 сая төгрөгийн мөнгөн тусламж үзүүлжээ. 

Цас их орсон аймгуудад өвс, тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр олгож байна. Энэ жил өвс, тэжээлийн хангамжийг гадны байгууллагуудын тусламж дэмжлэг авалгүй дотооддоо бүрдүүлж бэлдсэн байна. 


Отор нүүдэл хүндэрч болох 7 аймаг, дээр нь 3 аймагт өвс, тэжээлийн нөөц бүрдүүлэх ажлыг Засгийн газрын тогтоолын дагуу ХХААХҮЯ, Улсын онцгой комисс, ОБЕГ аймаг, орон нутагт хамтран зохион байгуулж байгаа талаар ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Батмөнх хэлж байна. 

Б.Болд

Гэрэл зургийг Б.Чадраабал


Холбоотой мэдээ