Хүн ам, орон сууцны тооллогыг 69 тоологч, 18 шалгагч гүйцэтгэнэ

Орон нутагт | Дундговь
altantogos888@gmail.com
2020-01-08 12:04:14
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. 2020 оны нэгдүгээр сарын 8-9-нд шилжих шөнө орон даяар эхлэх Хүн ам, орон сууцны тооллогын үйл ажиллагааг Дундговь аймагт 69 тоологч, 18 шалгагч гүйцэтгэж ажиллана.

Тус аймагт энэхүү тооллогыг зохион байгуулах бэлтгэл хангагдсан гэж аймгийн Статистикийн хэлтсийн дарга Б.Энхтуяа мэдэгдлээ. Аймгийн Статистикийн хэлтсээс энэхүү тооллогыг зохион байгуулах тоологч, шалгагч нарыг чадавхжуулах, иргэдэд мэдээлэл өгөх, сурталчилгаа хийх, сурталчилгааны самбар байрлуулах, гарын авлага, танилцуулга, ил захидал тараах, шторк хийж, олон нийтийн сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэх зэргээр бэлтгэл ажлын хүрээнд олон үйл ажиллагааг явуулжээ.

Нэгдүгээр сарын 9-нөөс долоо хоногийн турш үргэлжлэх энэхүү тооллогын аймгийн комиссын даргаар Засаг дарга О.Бат-Эрдэнэ, сумдын комисс, сум багийн түр товчооны даргаар шат шатны Засаг дарга нар томилогдон, хариуцсан нутаг дэвсгэртээ тооллогыг зохион байгуулах үүрэгтэй ажиллаж байгаа ажээ.

2020 оны энэ тооллогын онцлог нь бүртгэлийн арга болон уламжлалт аргыг хослуулан тоолж байгаа явдал юм. Тодруулбал, хүн ам, өрхийн мэдээллийн сангаас нийт өрхийн 90 хувийн мэдээллийг шууд татаж тоолох бөгөөд 10 хувийг уламжлалт аргаар буюу өрх бүрт очиж тоолох юм байна.

Тиймээс иргэн бүр харьяа багийн Засаг даргадаа хандаж, хүн ам, өрхийн мэдээллийн санд байгаа өөрийн болон өрхийн мэдээллээ шалгах шаардлагатай бөгөөд тооллогын явцад тооллогын асуулгад үнэн зөв, бүрэн хариулт өгөх, тооллогын ажилтныг байр, орон сууцандаа нэвтрүүлэх, тооллогод хамрагдсан тухай баримт бичгийг тооллогын ажилтнаас авах үүрэгтэйгээр оролцох ёстой хэмээн Статистикийн хэлтсээс сануулж байна.  

Хүн ам орон сууцны мэдээлэл цуглуулах ажлыг энэ сарын 9-15-ны 22:00 цаг хүртэл явуулж, тооллогын урьдчилсан үр дүнг 2020 оны зургаадугаар сарын эхээр танилцуулах ажээ. 

Холбоотой мэдээ