Австралид санаатайгаар гал тавьсан хүмүүсийг баривчилжээ

Дэлхийд | Байгаль орчин
khulan@montsame.gov.mn
2020-01-08 14:58:48

КАНБЕРРА. /CNN/. Австралид дэгдэж буй ойн түймэр нь ган гачиг, хэт халуунаас үүдэлтэй боловч үүнд зарим нэгэн хүн шууд холбогдолтой болохыг тогтоосон талаар тус улсын холбогдох албаны төлөөлөгчид мэдэгджээ.


"Шинэ Өмнөд Уэльс мужид санаатайгаар гал тавьж, ойн түймэр дэгдэхэд хүргэсэн 24 хүнийг баривчилсан" гэж тус мужийн Цагдаагийн газраас мэдээлжээ. Уг мэдэгдэлд дурдсанаар, өнгөрсөн 11 дүгээр сарын 8-наас хойш санаатайгаар гал тавьсан хэрэгт холбогдуулан мужийн цагдаа нар 183 хүнд хуулийн хариуцлага тооцсоноос 40 нь өсвөр насны хүүхэд байсан ажээ. Тэдгээр иргэний 53-т сануулга өгсөн бол 47 хүнийг ассан тамхи, шүдэнз газар хаясан хэмээн буруутгасан байна.


Австралид өнгөрсөн есдүгээр сараас хойш дэгдсэн ойн түймрийн улмаас орон даяар 25 хүн амиа алдаж, олон сая ан амьтан үхжээ. Австралийн мужуудаас Шинэ Өмнөд Уэльс ойн түймэрт хамгийн их нэрвэгджээ. Мөн түймрийн улмаас орон даяар 2000 орчим байшин барилга сүйдэж, уг байгалийн гамшигт үзэгдлийн учруулсан хохирлын хэмжээ 700 сая австрали доллар буюу 485 сая ам.доллар хэдийн давжээ.

Холбоотой мэдээ