Ховд аймгийн Шүүхийн өргөтгөлийн барилга ашиглалтад оров

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-01-08 17:52:30

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Шүүхийн өргөтгөлийн барилга ашиглалтад орж, нэгдүгээр сарын 08-ны өдөр нээлтээ хийлээ. 

Нээлтэд Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр, Ховд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн Шүүхийн Тамгын газрын дарга Д.Даваасүрэн болон бусад удирдах ажилтан, холбогдох мэргэжилтнүүдийн төлөөлөл оролцов.  

Тус өргөтгөлийн барилгыг “Вива зоне” ХХК–ийн хамт олон улсын төсвийн 800 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар таван сарын хугацаанд бүтээн босгожээ. Ингээд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2013 оноос хойш анхны шүүхийн барилга орон нутагт, тэр дундаа Ховд аймагт баригдсанаараа онцлогтой аж.   

Ховд аймгийн Шүүхийн өргөтгөлийн барилга ашиглалтад орсноор шүүхийн шүүгч, ажилтнуудын ажиллах орчин, нөхцөл дээшилж, иргэдэд нээлттэй үйлчилгээ үзүүлэх боломж өргөжих давуу талтай гэж албаныхан хэллээ.    

Тус өргөтгөлийн барилга нь хоёр давхар, 700 мкв талбайтай бөгөөд цахилгаан халаалттай. Гадна фасадыг өнгөлгөөний тоосгоор хийсэн. Мөн бүрэн цутгамал карказ байгууламж учраас газар хөдлөлтөд тэсвэртэй, чанартай гэж гүйцэтгэгч компанийн захирал Д.Дарамбазар онцоллоо.  

Холбоотой мэдээ