Дэлхийн эдийн засаг бага зэрэг өсөх төлөвтэй байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2020-01-09 14:34:18

ВАШИНГТОН. /TASS/. Өнгөрсөн онд 2.4 хувьтай байсан дэлхийн эдийн засгийн өсөлтийн хурдац 2020 онд 2.5 хувь, 2021 онд 2.6 хувь, 2022 онд 2.7 хувиар өсөх төлөвтэй байгаа тухай Дэлхийн банкны /ДБ/ дэлхийн эдийн засгийн хөгжлийн хэтийн төлөвийн талаарх нэгдүгээр сарын тайлан мэдээнд дурджээ. Энэ жил уг баримт бичгийг "Эдийн засгийн өсөлтийн бага хурдац ба улс төрийн бэрхшээлүүд" гэж нэрлэсэн байна.


 “Өмнөх онд мэдэгдэхүйц буурсан хөрөнгө оруулалт, худалдаа аажмаар сэргэж байгаатай холбоотойгоор 2020 онд дэлхийн эдийн засаг бага зэргийн хурдацтай өсөж, 2.5 хувьд хүрэх боловч эдгээр үзүүлэлт буурах эрсдэл хэвээр байна” гэж тайлан мэдээг гаргагчид тэмдэглэжээ. Түүнчлэн “өрийн хэмжээ нэмэгдэж, үйлдвэрлэлийн өсөлт удааширсан нь” өсөлтийн хурдцад нөлөөлж байгаа аж. Үүний зэрэгцээ ДБ-ны шинжээчид 2020, 2021 оны дэлхийн ДНБ-ий өсөлтийн талаарх урьдчилсан таамгаа зургадугаар сарын таамгаас /2020 онд 2.7 хувь, 2021 онд 2.8 хувь/ тус бүр 0.1 хувиар бууруулсан байна.


Энэ онд хөгжилтэй орнуудын эдийн засгийн өсөлт саарч, өнгөрсөн жилийн 1.6 хувиас 1.4 хувьд хүрэх төлөвтэй байна. Энэ нь боловсруулах үйлдвэрлэлийн үзүүлэлт сул хэвээр байгаатай холбоотой ажээ. Шинжээчдийн урьдчилсан таамгаас үзвэл, энэ жил АНУ-ын эдийн засгийн өсөлтийн хурдац “татвар нэмэгдүүлснээс үүдэлтэй сөрөг үр дагаврын нөлөөгөөр болон тодорхойгүй байдал улам нэмэгдэж байгаатай холбоотойгоор” 1.8 хувьд хүрч удаашрах төлөвтэй байна. Өнгөрсөн онд тус улсын эдийн засаг 2.3 хувийн хурдацтай өсжээ. Еврогийн бүсийн эдийн засгийн өсөлтийн урьдчилсан таамгийг мөн бууруулсан бөгөөд 2019 онд 1.1 хувийн өсөлттэй байсан Европын орнуудын эдийн засаг энэ жил аж үйлдвэрийн салбарын үзүүлэлт буурсантай холбоотойгоор 1 хувиар өсөх төлөвтэй байна. Харин хөгжиж буй орнуудын хувьд эдийн засаг 2019 оны 3.5 хувиас 4.1 хувьд хүрч өсөх боловч энэ өсөлт улс болгонд ажиглагдахгүй гэнэ.


Холбоотой мэдээ