Хүн ам, орон сууцны тооллогод 42 тоологч ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2020-01-10 09:25:02

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Монгол Улс Хүн ам, орон сууцны тухай хуулийн хүрээнд 10 жил тутам хүн ам, орон сууцны ээлжит тооллогыг явуулдаг билээ. Хүн ам, орон сууцны Улсын ээлжит тооллого 2020 оны нэгдүгээр сарын 9-нд орон даяар нэгэн зэрэг эхэллээ. Тус аймгийн хэмжээнд энэ тооллогод 42 тоологч, 12 шалгагч ажиллах аж.

Дархан-Уул аймгийн хэмжээнд нийт өрхийн 10 хувь буюу 3040 өрх санамсаргүй түүврийн аргаар сонгогдсоноос хамгийн өндөр настай нь Хонгор сумын 2 дугаар багийн иргэн 99 настай Баянбилигийн Долзодмаа байна. Иймд уг тооллогыг хамгийн өндөр настай иргэнийхээ гэрээс эхлүүлж, Хүн ам, орон сууцны тооллогод хамрагдсан батламжийг нь гардуулав. 

2020 оны Хүн ам, орон сууцны ээлжит тооллогын онцлог нь анх удаа бүртгэлийн болон уламжлалт мэдээлэл цуглуулах аргыг хослон хэрэглэх юм. Энэ удаагийн тооллогыг 100 хувь бүртгэлийн хэлбэрээр явуулах бөгөөд нийт өрхийн 10 хувийг уламжлалт аргаар гэрт нь тоологч очиж мэдээллийг цаасаар цуглуулан, хяналтын тооллого хийх аж.

Уг тооллогыг явуулснаар засаг захиргааны анхан шатны нэгжийн түвшинд ард түмнийхээ аж байдлыг өрх, иргэн бүрээр тодорхойлж, өнгөрсөн 10 жилийн ололт, амжилтыг дүгнэх, ирэх жилүүдийн бодлого хөтөлбөрийг төлөвлөх суурь мэдээллийг бий болгох ажээ. Тооллого нэгдүгээр сарын 15-ны өдрийн 22.00 цаг хүртэл үргэлжилнэ. Тус тооллогын үндсэн үр дүнг 6 дугаар сарын эхээр танилцуулах аж.

Хүн ам, орон сууцны тооллоготой холбогдуулан аймгийн Статистикийн хэлтсээс тоологч, шалгагч нарыг хамруулсан сургалтыг энэ сарын 03-04-ны өдрүүдэд зохион байгуулсан байна.


Холбоотой мэдээ