Хамгийн өндөр настантай өрхөөс тооллогыг эхлүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2020-01-09 23:09:40

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Монгол Улсын Хүн ам, орон сууцны 11 дэх удаагийн тооллого өнөөдөр орон даяар эхэллээ. Энэ удаагийн тооллогыг бүртгэлд суурилсан болон уламжлалт гэсэн хосолмол аргаар явуулж байгаагаараа онцлог бөгөөд энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ.

Өвөрхангай аймгийн хэмжээнд нийт өрхийн 10 хувь буюу 3485 өрхийг Үндэсний статистикийн хорооноос түүврээр сонгож ирүүлсний дагуу эдгээр өрхөд очиж тооллогын ажлыг зохион байгуулахаар аймгийн хэмжээнд 121 тоологч, 31 шалгагч ажиллаж байна.

Сонгогдсон өрхүүдийн хамгийн өндөр настай нь болох Арвайхээр сумын 12 дугаар багийн иргэн Ш.Шар гуайнхаас тооллогыг эхлүүлж, Хүн ам, орон сууцны тооллогод хамрагдсан батламжийг нь гардуулан өглөө. Өдгөө 88 нас зооглож буй Ш.Шар гуай найм дахь удаагаа хүн амын тооллогод хамрагдаж байгаагаа энэ үеэр онцлон дуулгаж, энэхүү боломжийг “Амьд явбал алтан аяганаас ус ууна” хэмээх үгтэй зүйрлэн өгүүлж байв.

Хүн ам, орон сууцны тооллогыг явуулснаар засаг захиргааны анхан шатны нэгжийн түвшинд ард түмнийхээ аж байдлыг өрх, иргэн бүрээр тодорхойлж, өнгөрсөн 10 жилийн ололт, амжилтыг дүгнэх, ирэх жилүүдийн бодлого хөтөлбөрийг төлөвлөх суурь мэдээллийг бий болгох юм.


Холбоотой мэдээ