Сум хооронд зорчигч тээвэрлэх тээврийн хэрэгслүүд Авто буудлаас хөдөлнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-01-10 13:05:02

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2020 оны А/04 тоот захирамжаар улс, хот хооронд болон орон нутгийн зорчигч тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхэлдэг тээврийн хэрэгслийн зогсоолын байршлыг аймгийн Авто тээврийн төвийн Авто буудал байхаар шийдвэрлэжээ.

Уг асуудлаар аймгийн Авто тээврийн төвийн дарга Т.Сайдолоос тодрууллаа.


Зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлдэг тээврийн хэрэгслүүдийг аймгийн Авто буудалд байрлуулах захирамж гарсан байна. Энэ шийдвэр хэзээнээс хэрэгжиж эхлэх вэ?

 - Өлгий сумын Засаг даргын захирамж гарсан. Тус шийдвэр ирэх даваа гарагаас буюу энэ сарын 13-ны өдрөөс хэрэгжиж эхэлнэ.

 Захирамжийн үйлчлэлд сум хооронд зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлж байгаа тээврийн хэрэгслүүд хамаарах уу?

- Хот хоорондын зорчигч тээврийн автобуснууд Авто буудлаас гарч байгаа. Одоо сум хоорондын болон Бүгд Найрамдах Казахстан Улс руу зорчигч тээвэрлэж байгаа тээврийн хэрэгслүүд Авто буудлаас хөдөлнө гэж ойлгож болно.

Тээврийн хэрэгслүүдийг Авто буудалт байлгах нь ямар ач холбогдолтой вэ?

- Олон талын ач холбогдолтой. Зорчигч тээврийн үйлчилгээ нь өөрийн гэсэн стандарттай. Бүх үйлчилгээ холбогдох хууль журам, стандартын дагуу явах ёстой. Харамсалтай нь манай аймгийн жолооч нар үйлчилгээний стандартыг мөрдөхгүй байна. Зарим залуучууд дөнгөж жолооны үнэмлэх авангуутаа хүн тээвэрлэн хөдөө явж байна. Нэг жишээ хэлэхэд, 2019 оны сүүлийн улиралд л гэхэд Казахстаны чиглэлд зорчигч тээвэрлэж явсан есөн тээврийн хэрэгсэл осолдсон байна. Тийм учраас иргэдийн аюулгүй байдлыг хангах зайлшгүй шаардлага тулгарч байгаа.

Дээрх арга хэмжээ нь орон нутгийн зүгээс зохион байгуулж байгаа ажил уу? Эсвэл холбогдох мэргэжлийн байгууллагуудаас шаардлага тавьж байна уу?

- Бидэнд хууль бус тээвэрлэлтийг таслан зогсоох асуудлыг дээрээс тавьж байна. Уг асуудлаар ирэх бямба гарагт холбогдох байгууллагуудтай хамтран Цагааннуурын боомт дээр хурал хийнэ. Казахстан Улс руу зорчигч тээвэрлэх тээврийн хэрэгслүүд манай байгууллагаас замын хуудас авч явах, үйлчилгээгээ хууль журамд нийцүүлэх ёстой.

Одоо зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлж байгаа жолооч нар нийтлэг ямар зөрчил гаргаж байна?

- Стандартын дагуу нэг жолооч өдөрт 500 километрээс хол замд жолоо барьж явах ёсгүй. Харин манай жолооч нар Баян-Өлгий аймгаас Казахстаны Алматы хот хүртэлх 3 мянган километр замд унтахгүйгээр ганцаараа жолоо бариад явж байна. Энэ мэт үйлдлүүдээс болж аваар осол гардаг.

Сум хооронд зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлдэг жолооч нар ч замын хуудас авах уу?

- Тийм. Хүн тээвэрлэж байгаа бол замын хуудас авна. Бид үүнийг шаардана. Манайхаас бусад бүх аймгийн жолооч нар дүрэм журмаа мөрдөөд, зам ашигласны төлбөрөө төлөөд явж байна.

Өнөөдрийг хүртэл Улаанбаатар-Өлгий чиглэлд хоёр компани хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлж байгаа. Цаашид дөрвөн компани зорчигч тээвэрлэнэ гэсэн мэдээлэл байна. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

- Уг ажил одоогоор хэрэгжээгүй. Саналын түвшинд явж байна. Ард иргэдийн зүгээс хот хоорондын автобусыг өглөө эрт гаргах саналыг байнга тавьдаг. Учир нь одоогийн цагийн хуваариар Өлгий хотоос гарсан автобус Улаанбаатар хотод шөнө дунд, нийтийн тээврийн үйлчилгээ зогссоны дараа очиж байгаа. Үүнээс болж иргэд ачаа тээш, мөнгө төгрөгөө алдах, гээгдүүлэх, таксинд их хэмжээгээр мөнгө төлөх зэрэг янз бүрийн хүндрэл, эрсдэл учирдаг. Одоогийн зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлж байгаа компаниудад автобусаа өглөө эрт гарга. Гаргахгүй бол өглөө автобус гаргадаг өөр компани оруулж ирье гэсэн шаардлагыг тавьж байгаа. Гэхдээ эцсийн шийдвэр гараагүй.

Холбоотой мэдээ