Нэгдсэн эмнэлэгт 100 гаруй сая төгрөгийн дэмжлэг үзүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2020-01-12 13:02:09

Дорноговь /МОНЦАМЭ/. Шинэ он гарснаас хойш аймгийн Нэгдсэн эмнэлэгт нийт 221 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас томуу томуу төст өвчнөөр 83 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна.

Томуу болон томуу төст өвчний дэгдэлт их байгаатай холбогдуулан аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламж, эрчимт эмчилгээ, дотрын тасаг болон хүүхдийн тасагт ажиллахдаа 25 сая төгрөгийн эмнэлгийн багаж хэрэгсэл болон нэмэлтээр нэн шаардлагатай хяналтын монитор, эрчимт эмчилгээний функционал ор, өвчтний орны иж бүрдэл, зүрхний цахилгаан сэдээгүүр зэрэг 75 сая төгрөг, нийт 100 гаруй сая төгрөгийн тоног төхөөрөмжийг шийдвэрлэлээ. Аймгийн хэмжээнд томуу, томуу төст өвчин амбулаторийн нийт үзлэгийн 15,4 хувийг эзэлж байгаа юм.


Дорноговийн зарим сургууль энэ сарын 19-нийг хүртэл хичээллэхгүй


Томуу, томуу төст өвчний дэгдэлттэй холбогдуулан Замын-Үүд, Хатанбулаг сум, Сайншанд сумын I, II, III, V сургууль болон цэцэрлэгийн үйл ажиллагааг энэ оны нэгдүгээр сарын 19-нийг хүртэл сунгах тухай аймгийн Засаг даргын захирамж гарсан.

Мөн аймгийн хэмжээнд олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахгүй байх, аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй байгууллагууд ажилтан, албан хаагчдаа дархлаажуулалт, витаминжуулалтын аянд идэвхтэй оролцуулахыг даалгасан. Томуу томуу төст өвчнөөр өвчилсөн тав хүртэлх насны хүүхэдтэй эцэг, эхэд цалинтай чөлөө олгож буй.

Бусад сумын хувьд өвчлөл бага байгаа тул томуугийн тархалтын түвшнээс хамааран хязгаарлалт тогтоох асуудлыг сум орон нутагтаа шийдвэрлэж байгаа аж.


Томуу, томуу төст өвчнөөс  сэргийлэх зөвлөмж


Аймгийн ЭМГ-аас томуу болон томуу төст өвчнөөс сэргийлэх хамгийн сайн хамгаалалт нь  витаминлаг чанарлаг хоол идэх, биеийн тамирын дасгал хөдөлгөөнийг эрхэмлэн, ажил амралтаа зохицуулж, хангалттай амрахыг уриалж байна.

Мөн улирлын байдалд тохируулан хувцаслах, хүйтэнд малгай, ороолт, бээлийтэй явах, шаардлагагүй тохиолдолд олон нийтийн газар явахгүй байх, хамрын салстад сонгино, саримсны тосон ханд, оксолины тос түрхэх, гичтэй бүлээн усанд хөлөө 5-10 минут дүрж, хөлийн уланд тосон иллэг хийх зөвлөмж гаргажээ.

Витамин С элбэг жимс болон шүүс хэрэглэх, өдөрт 2-3 хумс саримсыг хоол ундандаа хэрэглэх, томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх цэгчилсэн иллэг хийх, царван, морин шарилжны ханд, содтой болон давстай ус, тамидин зэрэг уусмалаар хоолойгоо тогтмол зайлж хэвших шаардлагатай аж. 

 

Өмнөд хөршид гарсан уушгины хатгалгаа өвчнөөс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна


Дорноговь аймгийн ЭМГ-аас БНХАУ-д бүртгэгдсэн шалтгаан нь тодорхойгүй уушгины хатгалгаа өвчин нэмэгдэж байгаатай холбогдуулан ЭМЯ-наас гаргасан ард иргэдийг амьсгалын замын халдвараас сэргийлэх дараах зөвлөмжийг дагаж мөрдөхийг анхааруулж байна.

Нэгдүгээр сарын 08-ны байдлаар БНХАУ-ын Хубэй мужийн Үхань хотод шалтгаан тодорхойгүй уушгины хатгалгаа өвчний тоо нэмэгдэж  59 хүн өвчилж, долоон хүний биеийн байдал хүнд байгаа аж.

Мөн Хонг Конгт 14 хүн Сингапурт бага насны нэг хүүхэд өвчилсөн тухай албан бус мэдээлэл байгаа талаар ЭМГ-аас мэдээлэв.

Тиймээс гараа савандаж угаах, гар ариутгагч, амны хаалт тогтмол хэрэглэх, нус цэрээ ил задгай хаяхгүй байх, бохир гараа нүд, хамар, амандаа хүргэхгүй байх, ханиаж найтаах үедээ бусдад халдвар тараахаас сэргийлэх, амны алчуур хэрэглэх, амьсгалын замын халдвартай хүн гэртээ байх, бусдад халдвар тараахгүй байх, хүүхдийг уушгины хатгаа, улаанбурхан зэрэг товлолын дархлаажуулалтад бүрэн хамруулах, өвчлөл гарсан улс оронд аль болох зорчихгүй байхыг анхааруулж байна.

Дорноговь аймаг зүүн өмнө талаараа БНХАУ-тай хиллэдэг бөгөөд Замын-Үүдийн боомтоор өдөртөө зургаагаас найман мянган хүн хил нэвтрэхээс гадна суудлын тэрэг 800-1000, 100-120 орчим ачааны машин байнга орж гардаг.

Холбоотой мэдээ