“Tesla” компанийн хувьцаа анх удаа 500 ам.доллароос давжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2020-01-14 11:13:22

НЬЮ-ЙОРК. /ТАСС/. Америкийн “Tesla” компанийн нэгж хувьцааны үнэ даваа гарагт анх удаа 500 ам.доллароос давсан байна. NASDAQ биржийн цахим хуудаст гарсан мэдээллээс үзвэл, АНУ-ын Зүүн эргийн цагаар 13 цагт тус компанийн хувьцааны ханш 8.2 хувиар өсөж 517.14 ам.долларт хүрчээ.


Ханш ийнхүү өссөн нь “Oppenheimer” компанийн дүн шинжилгээ нийтлэгдсэн холбоотой гэж “Market Insider” цахим хуудсанд мэдээлсэн байна. Тус компанийн шинжээчид “Tesla”-гийн ханш яваандаа 612 ам.долларт хүрнэ гэж таамаглажээ. “Хэдийгээр өсөлтийн үйл явцтай холбоотой хүндрэл бэрхшээлтэй тулгарсан боловч “Tesla” санхүүгийн тогтвортой урсгалыг хангаж чадах чухал үе шатандаа орсон гэж бид үзэж байна” гэж шинжээчдийн дүгнэлтэд дурдсан байна.


“Tesla” компани 2003 онд байгуулагджээ. Эхэн үедээ “Tesla Motors” нэртэй байсан бөгөөд 2017 оноос эхлээд “Tesla” гэсэн нэртэй болсон байна. АНУ-ын Калифорни муж улсын Пало-Альто хотод төвтэй тус компани эхэндээ цахилгаан машины үйлдвэрлэлээр дагнаж байсан бол аажимдаа нарны зай болон бусад төрлийн эрчим хүч хуримтлуулах систем үйлдвэрлэх болжээ.


Холбоотой мэдээ