Дэлхийн хамгийн өргөн хүрээг хамарсан шилжилт хөдөлгөөн удахгүй эхэлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2020-01-14 11:55:14

БЭЭЖИН. /CNN/. Хятадын шинэ жилийн баяр буюу Цагаан сар хоёр долоо хоног орчмын дараа эхлэх гэж буйтай холбогдуулан тус улс жил тутмын томоохон шилжилт хөдөлгөөнийг зохицуулахаар бэлтгэж байна.


40 хоног үргэлжилдэг хаврын баярыг Хятадын иргэд гэр бүлийн гишүүдтэйгээ тэмдэглэхээр гэр орноо зорьдог тул дэлхийн хамгийн өргөн хүрээг хамарсан шилжилт хөдөлгөөн үүсдэг юм. Уг баяр ихэвчлэн нэгдүгээр сарын 10-наас хоёрдугаар сарын 18 хүртэл үргэлжилдэг бол энэ жил нэгдүгээр сарын 25-нд эхлэх ажээ.


2020 оны хаврын баярын үеэр 3 тэрбум гаруй аялал хийгдэх төлөвтэй байгаа нь өнгөрсөн оныхоос /2.99 тэрбум/ бага зэрэг өссөн үзүүлэлт ажээ. Тэдгээрээс 2.43 тэрбумыг автомашинаар, 440 саяыг галт тэргээр, 79 саяыг нисэх онгоцоор, 45 саяыг усан онгоцоор хийх гэнэ.


Дэлхий дээрх хамгийн урт төмөр замын сүлжээ бүхий Хятад улсад өнгөрсөн онд 8489 километр төмөр замыг шинээр барьснаас 5474 километрийг хурдны галт тэрэгний зам эзэлж байна. Энэ онд аяллын оргил үеүдээр /нэгдүгээр сарын 20-22, нэгдүгээр сарын 31-нээс хоёрдугаар сарын 1/ урьдчилан захиалагдаж дууссан тасалбаруудыг нэмэлтээр захиалах боломжийг бүрдүүлжээ.


Мөн цахим тасалбарын шинэ технологи галт тэрэг, хурдын зам, нисэх буудлууд дээр үүсдэг дарааллыг бууруулахад ихээхэн хувь нэмрээ оруулах төлөвтэй байна. Түүнчлэн өнгөрсөн онд Бээжин хотод “Daxing” олон улсын нисэх буудал ашиглалтад оржээ. Үүнээс гадна нислэгийн үеэр харагдах орчин хязгаарлагдсан үед туслах технологийн тусламжтайгаар цаг уурын таагүй нөхцөлийн улмаас нислэг хойшлогдох магадлалыг бууруулахаар төлөвлөсөн байна. 

Холбоотой мэдээ