Цэргүүд коллежид мэргэжил эзэмшиж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2020-01-15 18:56:04
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд ажиллах үеэрээ ХНХЯ-ны харьяа Политехник коллежийн ажилтай танилцсан тухай Засгийн газрын хэвлэл, мэдээллийн албанаас мэдээлэв. Коллежид 15 мэргэжлээр 693 суралцагч сурч байгаагийн 103 нь гэрээт болон хугацаат цэргийн алба хаагч байна.


Тэд “Монгол цэрэг-Бүтээн байгуулалт” хөтөлбөрийн хүрээнд хүнд машин, механизмын оператор болон засварчны мэргэжил эзэмших юм. Дээрх хөтөлбөрийн эхний ээлжийн 100 цэрэг өнгөрсөн жил тус коллежид суралцан төгсөж бүгд байнгын ажлын байртай болжээ. Хүнд машин механизмын чиглэлээр мэргэжил эзэмшсэн цэргүүдийг авч ажиллуулах захиалга ирсээр байгааг ХНХ-ын сайд С.Чинзориг онцлов.

Уул уурхайн жишиг сургууль гэсэн тодотголтой Политехник коллеж сургалтын бааз сайтай. 800 суралцагч хүлээн авах хүчин чадалтай бөгөөд сүүлийн үеийн тоног төхөөрөмж бүхий мэргэжлийн найман лабораторитай юм. Энд  уул уурхайн ухах, ачих, тэгшлэх, тээвэрлэх зэрэг дадлагыг компьютерын удирдлагатай симулятор дээр хийдэг байна. Хүнд машин, механизмын оператор, засварчнаас гадна гагнуурчин, цахилгаанчин, токарьчин зэрэг мэргэжлээр сургадаг.



Говьсүмбэр аймгаас гадна, бүс нутгийн аймгуудаас тус  коллежид залуус ирж суралцдаг юм байна. Зүүнбаянгийн шинэ төмөр зам, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам, Газрын тос боловсруулах үйлдвэр зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажилд боловсон хүчин шаардлагатай байгаа. Иймээс Засгийн газар Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэл /МСҮТ/-ийн төвүүдийг бодлогоор дэмжиж, орон нутаг дахь төвүүдийг бэхжүүлэхийг зорьж байна. Энэ хүрээнд МСҮТ-ийн  суралцагч нарт сар бүр олгодог мөнгөн урамшууллын хэмжээг ноднингоос сэргээж, 100 мянган төгрөг олгож эхэлсэн. Харин энэ жилээс 200 мянган төгрөг болгоод байна.

Холбоотой мэдээ