АНУ, БНХАУ “эхний үе шатны” худалдааны хэлэлцээрийг байгууллаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2020-01-16 07:27:38

ВАШИНГТОН. /Reuters/АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Шадар сайд Лю Хэ нар дэлхийн эдийн засагт нөлөөлж буй худалдааны маргааныг намжаах хэлэлцээрт гарын үсэг зуржээ. Хоёр талын худалдааны маргаан 18 сарын турш үргэлжилж байгаа юм. 


“Энэхүү баримт бичиг АНУ-ын эдийн засагт “өөрчлөлт”-ийг авчирна” гэж Д.Трамп Цагаан ордонд лхагва гарагт болсон гарын үсэг зурах ёслолын үеэр хэлжээ. “Харилцан ашигтай” уг хэлэлцээр хоёр орны харилцааг сайжруулахад хувь нэмрээ оруулна гэж БНХАУ-ын төлөөлөгчид мэдэгдсэн байна.


“Эхний үе шатны” худалдааны хэлэлцээрээр БНХАУ Америкаас 200 тэрбум ам.долларын өртөг бүхий бараа бүтээгдэхүүн импортолж, оюуны өмчийн дүрэм журмуудыг чангатгахаа амлажээ. Үүний хариуд АНУ БНХАУ-ын бараа бүтээгдэхүүнд ногдуулсан шинэ татварын заримыг тал хувиар бууруулахаар тохиролцжээ.


Уг баримт бичгийг байгуулсан хэдий ч хоёр талын хооронд шийдэлд хүрээгүй олон асуудал хэвээр үлдэж байна. "АНУ, БНХАУ-ын “хоёр дахь үе шатны” худалдааны хэлэлцээрийн талаарх хэлэлцээ тун удахгүй эхлэх болно" гэж АНУ-ын төрийн тэргүүн мэдэгджээ. 

Холбоотой мэдээ