Х.Нямбаатар: Нэг өнчин ишиг хулгайлсан ч хоригдох ялтай

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2020-01-16 15:38:58
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталсан. Хуульд, мал хулгайлсан гэмт хэрэгтэнд зургаан сараас найман жил хүртэлх хугацаагаар хорих ял оноохоор зохицуулжээ.


Энэ талаар УИХ-ын гишүүн Х.Нямбаатараас тодруулахад, “Сүүлийн 2-3 жилд малын хулгайн гэмт хэрэг тасралтгүй нэмэгдэж байна. Энэ нь хуульд, мал хулгайлсан гэмт хэрэгтэнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж байгаатай холбоотой юм. Нөгөө талаас малчид энэ хуулийн зохицуулалт нь ихээхэн хохиролтой байгааг уламжилж байна. Тиймээс хуульд, тоо харгалзахгүй мал хулгайлсан л бол зургаан сараас найман жил хүртэл хугацаагаар хорих ялтай байхаар зохицууллаа. Нэг өнчин ишиг хулгайлсан этгээдэд ч хорих ял онооно. Түүнчлэн, бүлэглэсэн, техник хэрэгсэл ашигласан, гойд ашиг шимтэй мал хулгайлсан, хүнийг амьжиргааны эх үүсвэрээс нь салгасан тохиолдолд, 2-8 жилийн хорих ялтай байхаар тусгасан. Харин малын хулгайн гэмт хэргийг зохион байгуулалттай үйлдсэн бол 12 жил хүртэлх хугацаагаар хорих юм. Гэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн үндсэн үзэл баримтлал нь хохирлыг нөхөн барагдуулсан тохиолдолд, ял наймаалцах буюу хуульд зааснаас хөнгөн ял эдлүүлэх боломж нь нээлттэй байгаа. Энэ заалт хэрэгжиж эхэлснээс хойш хохирол барагдуулах нь 90-ээс дээш хувь болж нэмэгдсэн” хэмээв.

Холбоотой мэдээ