Согтуугаар жолоо барьсан 122 зөрчил илрүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2020-01-17 09:51:32
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тээврийн цагдаагийн алба /ТЦА/ энэ долоо хоногт 945 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 736 зөрчлийг шалгажээ. Бүртгэсэн ослын улмаас 21 хүн бэртсэн бөгөөд нийслэлд нэг, орон нутагт гурван хүний амь хохирчээ. 


Ноцтой зам тээврийн ослоос дурдвал, энэ сарын 13-ны 17.35 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын наймдугаар багийн нутаг, шороон замд "Тоёота Приүс" загварын тээврийн хэрэгсэл онхолдож, 31 настай зорчигч эмэгтэйн амь хохирсон байна. Мөн энэ сарын 15-ны 22.30 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын дөрөвдүгээр багийн нутаг, "Дараагийн хөндий" гэх газар засмал замд "Тоёота Карина" загварын тээврийн хэрэгсэл онхолдож, 36 настай зорчигч эмэгтэйн амь хохирчээ. Түүнчлэн энэ сарын 16-ны 05.50 цагийн орчимд Хан-Уул дүүргийн Их Монголын гудамжинд "Тоёота Премио", "Мерседэс Бенз Жи-500" загварын тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, жолооч 45 настай эрэгтэйн амь хохирсон байна. 


Замын цагдаа нар энэ долоо хоногт согтуугаар жолоо барьсан 122 жолооч илрүүлж, хариуцлага тооцсоноос гадна жолоодох эрхгүй үедээ согтуугаар жолоо барьсан 15 хүнийг баривчилж шүүхээр хариуцлага тооцуулжээ.


Энэ 7 хоногт бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх 7 хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 7.8 хувиар, зам тээврийн ослын шинжтэй дуудлага 6.8 хувиар нэмэгдэж, гэмтсэн хүүхэд гурав дахин багассан, хүний амь нас хохирсон хэрэг хоёр дахин өссөн байна.


Энэ 7 хоногт согтуугаар үйлдэгдсэн  зам тээврийн осол, хэрэг 11 бүртгэгдсэн байна. Иймд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байж өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг хамгаалж, замын хөдөлгөөний дүрмээ биелүүлж хөдөлгөөнд оролцохыг  Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

Холбоотой мэдээ