Нэг сая төгрөгийн шагналын сантай уралдааны шилдгүүд тодорлоо

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2020-01-17 12:02:38

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн хэмжээнд архидан согтуурахтай тэмцэх жилийн аян хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан  нэг сая төгрөгийн шагналын сантай “Уриа үг”, “Лого” бүтээх уралдааныг зарласан. Тус уралдаанд Баянхонгор аймгийн Өлзийт сумын харьяат Батсуурийн Батхуягийн бүтээл шалгарч, архидалтаас татгалзах жилийн аяны бэлгэ тэмдэг боллоо. Харин жилийн аяны хүрээнд аймгийн хэмжээнд баримтлах уриа үгээр рхидалтаас татгалзаж, аймгаараа нэгдэцгээе" гэх уриаг шалгаруулжээ.

Шилдэг бүтээлийн эзэд нэгдүгээр сарын 20-ны 11:00 цагт аймаг даяар нэгэн зэрэг нээлтээ хийх "Архидан согтуурахтай тэмцэх аян"-ы үеэр шагналаа гардаж авах юм байна.

Архины хэрэглээг бууруулах, хорт зуршлаас татгалзах, нийгэмд зөв үлгэр дууриалал, зөв дадал хэвшлийг бий болгох зорилготой тус аяныг Баянхонгор аймгийн Засаг дарга шинэ оны анхны захирамжаараа зарласан. Аймгийн хэмжээнд 2019 онд хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 211 бүртгэгдсэнээс 86.8 хувь нь, зам тээврийн ослын 44 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 47 хувь нь, 3310 зөрчил бүртгэгдсэнээс 55.2 хувь нь согтуугаар үйлдэгдсэн байна. Мөн согтуугаар үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас 30 хүн нас барж, 18 хүн гэмтэж бэртсэн бол согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ мотоцикл жолоодон осолд орж найман хүн нас барж, зургаан хүн гэмтэж бэртжээ.

Архидан согтуурч гэмт хэрэг, зөрчилд холбогдсон шалтгааны 41.7 хувь нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсоны улмаас, 32.9 хувь нь гэр, орон сууцанд, 15.5 хувь нь гудамж талбайд, 8.4 хувь нь олон нийтийн газар буюу бааранд, 1.4 хувь нь төрийн байгууллагад үйлдэгдсэн байна. Ямар нэгэн шалтаг гаргаж зохион байгуулалттай архидах, согтуугаар тээврийн хэрэгсэл жолооодох болон ахуйн хүрээний архидалт дорвитой буурахгүй байгаатай холбогдуулан тус аяныг өрнүүлэхээр болжээ.

Холбоотой мэдээ