“Google”-ийн толгой компанийн үнэлгээ 1 их наяд ам.долларыг давжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
yesukheitumur@montsame.gov.mn
2020-01-20 12:08:31
Yesukheitumur Tumurbaatar

ВАШИНГТОН. /CNBC/. “Google”-ийн толгой компани болох “Alphabet”-ийн зах зээлийн үнэлгээ нэг их наяд ам.долларын босго давжээ. Ингэснээр нэг их наяд ам.долларын босго давсан АНУ-ын дөрөв дэх компани болсон байна.


2018 онд “Apple” компанийн үнэлгээ нэг их наядын ам.долларын босгыг давснаар ийм өндөр үнэлгээтэй анхны компани болж байсан бол үүний араас “Microsoft” болон “Amazon” компани мөн ийм үнэлгээтэй болсон. Өнөөдрийн байдлаар “Apple”, “Microsoft” компани нэг их наяд ам.доллараас дээш үнэлгээтэй хэвээр байгаа бол ийм үнэлгээтэй байсан “Amazon” компанийн үнэлгээ буурсан байна.


“Alphabet” компанийн үнэлгээ нэг их наядын босго давсан нь тус компанийн шинээр томилогдсон гүйцэтгэх захирал Сундар Пичаитай холбоотой гэж шинжээчид үзэж байна. Өнгөрсөн 12 дугаар сард тус компанийг үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Ларри Пейж болон хамтран үүсгэн байгуулагч, ерөнхийлөгч Сергей Брин нар албан тушаалаасаа бууж буйгаа мэдэгдсэн билээ.

Холбоотой мэдээ