АНУ шинэ коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх хяналтаа чангатгана

Дэлхийд | Эрүүл мэнд
khulan@montsame.gov.mn
2020-01-18 10:55:40

ВАШИНГТОН. /CNBC/. Хятадын Ухань хотод дэгдсэн уушгины хатгалгааг үүсгэсэн шинэ коронавирусээр жуулчид халдварласан эсэхийг шалгах хяналтыг АНУ-ын эрх баригчид чангатгахаар болжээ. Хятадад уг вирусээр 40 гаруй хүн халдварлаж, 2 хүн нас барсан юм. 


Ирэх долоо хоногт Хятадын баярын амралт эхлэх гэж буйтай холбогдуулан олон улсын гурван нисэх буудлын хяналтыг чангатгана гэж АНУ-ын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвөөс /CDC/ мэдээлжээ. Үүнд Нью-Йорк, Сан-Франциско, Лос-Анжелес хотын нисэх буудлууд багтаж байгаа ажээ.


Мөн Ухань хотоос шууд болон дамжин нислэгээр ирж буй хүмүүсийг илүү анхааран шалгах юм. Нисэх буудлын ажилтнууд аялагчдаас эрүүл мэндийн байдлыг лавлаж, уг вирусээр халдварласан тохиолдолд илэрдэг шинж тэмдгүүдийг хянах гэнэ.


Хятадын шинэ жилийн баяр буюу Цагаан сарын амралтаар тус улсын олон сая иргэн бусад улс орон руу аялдаг бөгөөд тэднээс олон аялагч АНУ-ыг зорих төлөвтэй байгаа ажээ. Энэ жилийн амралт нэгдүгээр сарын 24-нөөс эхлэх юм. 

Холбоотой мэдээ