Ливийн асуудлаарх бага хуралд оролцогчид хамтарсан мэдэгдэл гаргажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2020-01-20 10:34:44

БЕРЛИН. /TASS/. Ливийн асуудлаарх олон улсын бага хурал ням гарагт Германы нийслэл Берлин хотод боллоо. Уг бага хуралд ОХУ, АНУ, Турк, Египет, ЕХ, НҮБ болон бусад улс оролцжээ. Түүнчлэн Ливийн сөргөлдөгч талууд болох Үндэсний эв нэгдлийн засгийн газрын тэргүүн Файез Сарраж, Үндэсний армийн удирдагч Халиф Хафтар нар оролцсон боловч тэдний хооронд шууд хэлэлцээ зохион байгуулж чадаагүй байна.


Ливийн асуудлаарх олон улсын бага хуралд оролцогчид хамтарсан мэдэгдэлд гаргасны зэрэгцээ мөргөлдөөнд оролцогч талуудад шууд тусламж үзүүлэх зэрэг үйл ажиллагааны хүрээнд тус улсын нутаг дэвсгэр дэх цэргийн бүх хөдөлгөөнийг зогсоохыг уриалжээ.


Бага хуралд оролцогчид мөн цэрэгжсэн бүлэглэлүүдийн зэвсгийг хураах эсвэл тэднийг төрийн аюулгүй байдлын бүтцэд оруулахыг уриалав. Энэ асуудлыг бие даан шийдэх ёстой гэж бага хурлын дараа гаргасан баримт бичигт дурдсан байна. Түүнчлэн НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд хандан тус улсад гал зогсоох дэглэмийг зөрчсөн талуудад хориг арга хэмжээ авахыг уриалжээ. Хориг арга хэмжээг хэрэгжүүлэх боломж бүрдүүлэхийг тус зөвлөлийн гишүүн орнуудад уриалсан байна.


Нэгдүгээр сарын 12-ноос хойш хэрэгжиж буй гал зогсоох дэглэмийн дараа хүчирхийлэл багасаж байгааг Ливийн асуудлаарх олон улсын бага хуралд оролцогчид сайшаагаад, гал зогсоох талаар хэрэгжүүлж буй арга хэмжээг чангатгахыг уриалав. Үүний сацуу, тус улсад зэвсэг нийлүүлэхэд тавьсан хоригийг сахин мөрдөхөөр тохиролцжээ.

Холбоотой мэдээ