Эрт илрүүлэг бүхий цогц үзлэг оношилгоонд Сайхан сумын 2260 иргэн хамрагджээ

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2020-01-20 14:02:56

Сэлэнгэ /МОНЦАМЭ/.“Халдварт болон халдварт бус өвчний эрт илрүүлэг бүхий цогц үзлэг оношилгоо”-ны хоёр дахь шатны үзлэгийг Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөл тосгонд энэ сарын 16-19-ний өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

Сайхан сумын иргэдийн дунд зохион байгуулсан эл үзлэгт нийт 2260 иргэн хамрагдаж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хүртжээ. Мөн эдгээр иргэд мэдээллийн цахим санд баяжилтаа хийлгэсэн байна. Үзлэгээр лабораторийн шинжилгээнд 1237 хүн, цээжний хөндийн эмгэг илрүүлэх оношилгоонд 1228 хүн хамрагдсан аж. Эрт илрүүлгийн үзлэг оношилгоонд дотор, дотоод шүүрэл, эмэгтэйчүүд, мэдрэл, нүд, чих хамар хоолой, эрэгтэйчүүд, сэтгэц, шүд, охид, хөвгүүдийн гэх мэт нарийн мэргэжлийн эмч нар үзлэг хийж, зөөврийн дижитал рентген аппаратаар цээжний хөндийн эмгэг илрүүлсэн бол ЭХО аппаратын тусламжтайгаар дотрын болон эмэгтэйчүүдийн эмгэг өөрчлөлтүүдийг оношилж үйлчиллээ.

Энэхүү үйл ажиллагаа нь Эрүүл мэндийн яамнаас дэвшүүлсэн “Эрүүл мэнд 8/20” зорилт, ЭМС-ийн 2019 оны А/327 тоот тушаал “Тэмбүүг устгая” үйл ажиллагааны төлөвлөгөө, аймгийн Засаг даргын “2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд болж байгаа юм. Сайхан суманд зохион байгуулсан үзлэгийн үйл ажиллагааг дэмжиж Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил, Сайхан сумын Засаг дарга О.Буянаа, Эрүүл мэндийн газрын дарга Ж.Од, үзлэгийн багийн хамт олон, Хөтөл сум дундын эмнэлгийн эмч мэргэжилтнүүд ард иргэдийн төлөөллүүд оролцсон байна.



Холбоотой мэдээ