150 хүүхдийн шинэ цэцэрлэг өнөөдөр нээлтээ хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2020-01-20 21:28:24

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Арвайхээрт 150 ортой хүүхдийн шинэ цэцэрлэг өнөөдөр үүдээ нээлээ. Аймгийн Засаг даргын захирамжаар “Цэцэрлэг, бага сургуулийн цогцолбор”-ын бүтэц, зохион байгуулалтыг өөрчилж, сургууль, цэцэрлэг гэсэн хоёр байгууллага болгохоор шийдвэрлэсний дагуу 13 дугаар цэцэрлэг шинээр үйл ажиллагаагаа эхлүүлж байна.

Тус цэцэрлэг зургаан бүлгээр хичээллэх бөгөөд 10 гаруй хүнийг ажлын байртай болгожээ. 2019 онд Хужирт, Хархорин суманд 75 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэг, Төгрөг суманд 25 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэгийн өргөтгөл, Арвайхээр сумын 2, 4 дүгээр цэцэрлэгүүдэд 50 хүүхдийн хүчин чадалтай, урлаг заалтай өргөтгөлийн барилга, Уянга суманд 100 хүүхдийн цэцэрлэг, Уянга сумын Жаргалант багийн цэцэрлэгийн өртгөлгөл тус тус ашиглалтад ороод байна. Үүнд улсын болон орон нутгийн төсөв, олон улсын байгууллагын 6.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, цэцэрлэгийн хүчин чадал 950 суудлаар нэмэгджээ.

Холбоотой мэдээ