Японд ая тухтай дэлгүүрүүдийн тоо анх удаа буурчээ

Дэлхийд | Эдийн Засаг
khulan@montsame.gov.mn
2020-01-21 13:33:18

ТОКИО. /NHK/. Японд ая тухтай дэлгүүрүүд /convenience store/ хаа сайгүй байдаг боловч тэдгээр дэлгүүрийн тоон үзүүлэлт өнгөрсөн онд бага зэрэг буурсан дүн үзүүлжээ.


Өнгөрсөн оны сүүлээр үйл ажиллагаа явуулж байсан ая тухтай дэлгүүрүүдийн тоог 2018 оны мөн үеийнхтэй харьцуулахад 0.2 хувиар буурчээ. Уг үзүүлэлтийг 2005 оноос бүртгэж эхэлснээс хойш анх удаа буурсан нь энэ ажээ.


Ая тухтай дэлгүүрүүдийн тоо буурсныг өрсөлдөөн нэмэгдсэнтэй холбоотой хэмээн үзэж байгаа бөгөөд ажиллах хүчний хомсдол 24 цагийн турш ажилладаг эдгээр дэлгүүрийг цагийн хуваариа нягтлахад хүргэж, шинэ дэлгүүр нээхэд хүндрэл учруулсан байна.


Японы Франчайз бизнесийн холбооны тайланд дурдсанаар, 2019 оны эцсийн байдлаар 55620 ая тухтай дэлгүүр үйл ажиллагаа явуулж байсныг өмнөх оныхтой харьцуулахад 0.2 хувь буюу 123-аар буурчээ. Гэсэн хэдий ч энэ төрлийн дэлгүүрүүдийн борлуулалтын хэмжээ өмнөх оныхоос 1.7 хувиар өсөж, 11.16 их наяд иен буюу 101 тэрбум ам.долларт хүрчээ. 

Холбоотой мэдээ