Сүхбаатар аймагт ширээний теннисний спортын хөгжил, тамирчдын ур чадвар хоцрогджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2020-01-21 22:29:13

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Орон нутагт зарим төрлийн спорт төдийлөн хөгжихгүй байна. Жишээлбэл, Сүхбаатар аймагт ширээний теннисний спортын хөгжил, тамирчдын ур чадвар хоцрогджээ. Мэргэжлийн дасгалжуулагчгүй, хариуцсан холбоо ажлаа хангалттай хийдэггүй зэрэг нь энэхүү спорт хөгжихгүй болж буйн гол шалтгаан гэж мэргэжлийн хүмүүс үзэж байна.

Гурван жилийн өмнө манай аймгийн өсвөрийн тамирчид улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцсон. Энэ үед тамирчдын ур чадвар үнэхээр хангалтгүй, бусад аймаг нийслэлийн тамирчдаас хоцрогдож байгаа нь мэдрэгдсэн. Гол шалтгаан нь мэргэжлийн багш дасгалжуулагч байхгүй, хариуцсан холбоо нь ажлаа хангалттай хийхгүй байгаатай холбоотой. Одоогоор сум сургуулийн биеийн тамирын багш нар л энэ спортыг сонирхож буй хүүхдүүдэд өөрсдийн хэмжээнд зааж сургаж байна. Аймгийн БТСГ-ын зүгээс ч ширээний теннисний спортыг бүр устаж үгүй болгохгүйн тулд жил бүр аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг хоёр насны ангиллаар зохион байгуулж байна гэж аймгийн БТСГ-ын ахлах дасгалжуулагч Ц.Ганбат хэллээ.

Харин ширээний теннисний спортыг сонирхогч, энэ спортыг хөгжүүлэх зорилгоор сумандаа 2014 оноос хойш дугуйлан хичээллүүлж байгаа Д.Түмэнжаргал хэлэхдээ, Би өөрөө нэгдүгээр зэрэгтэй тамирчин. Энэ спортод үнэхээр дуртай учир одоо сумандаа сайн дураараа дугуйлан хичээллүүлж, жил бүр шавь нараа тэмцээн уралдаанд оролцуулж байна. Тамирчдын маань ур чадвар аймагтаа болоод байгаа ч бүс болоод улсад очихоороо үнэхээр гологддог. Уг нь энэ төрлийн спортыг хөгжүүлэх, шилдэг тамирчдыг төрүүлэн гаргах боломж бий. Гэвч төр засгийн зүгээс ямар ч дэмжлэг байхгүй, үүнд чиглэлэсэн ямар ч бодлого байдаггүй нь үнэхээр харамсалтай гэв.


                               Ширээний теннисний ААШ тэмцээн боллоо

Энэ сарын 18, 19-ний өдрүүдэд аймгийн аварга шалгаруулах ширээний теннисний тэмцээн боллоо. Өсвөр үеийн ангилалд зургаан байгууллагын 30 гаруй өсвөрийн тамирчин оролцсон бол насан хүрэгчдийн тэмцээнд 20 орчим тамирчин оролцов. Тэмцээний үеэр ширээний теннисийг сурталчлах зорилгоор Монгол Улсын шилдэг тамирчдын төлөөлөл Сүхбаатар аймагт ирж үзүүлэх тоглолтыг сонирхуулсан юм.

Насанд хүрэгчдийн тэмцээнийг энэ жил "Газар дэлхий" ХХК-ийн 15 жилийн хүрээнд зохион байгуулсан. Тус компанийн захирал Ж.Осоржамаа тэмцээнийг нээж хэлсэн үгэндээ, Манай аймагт ширээний теннис маш сайн хөгжсөн аймаг байсан. Олон улс, улсын цолтой шилдэг тамирчид энэ нутгаас төрөн гарч байсан түүхтэй. Гэвч сүүлийн жилүүдэд энэ спортын хөгжил үнэхээр хоцрогдож, бусад аймагтай харьцуулахад түвшин эрс буурсан байна. Тиймээс энэ жил манай компанийн зүгээс насанд хүрэгчдийн тэмцээнийг ивээн тэтгэж, шагналын санг нэмэгдүүлсэн. Ингээд зогсохгүй цаашид энэ спортыг хөгжүүлэх, холбооны үйл ажиллагааг сайжруулж, Монголын ширээний теннисний холбоотой хамтран ажиллах хэрэгтэй. Бидний зүгээс үүн дээр чадах бүхнээ хийж, мөн мэргэжлийн багш бэлтгэхэд тусална гэдгээ илэрхийлсэн юм.

 

 

Холбоотой мэдээ