Сэлэнгэ аймагт томуу, томуу төст өвчний дэгдэлт буураагүй байна

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2020-01-21 16:10:49

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Улсын хэмжээгээр томуу, томуу төст өвчний дэгдэлт нэмэгдэж буйтай холбогдуулан сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр хугацаагаар хаасан. Хэдийгээр энэхүү хугацаа дуусч тус байгууллагуудын үйл ажиллагаа эхэлсэн ч эл өвчний тархалт буурахгүй байгаа аж. Энэ талаар аймгийн ЭМГ-аас ирүүлсэн тандалтын мэдээг хүргэе.

Энэ сарын 20-ны өдрийн байдлаар аймгийн хэмжээнд амбулаториор 1637 хүн үйлчлүүлсэн байна. Эдгээрийн 177 буюу 10.8 хувийг томуу, томуу төст өвчин эзэлж байгаа ажээ.

Энэхүү томуу, томуу өвчинтэй нийт тохиолдлын 84.1 хувь нь 15, үүнээс 42.9 хувийг  дөрөв хүртэлх насны хүүхдүүд эзэлж байна. Томуугийн тархалтын өссөн байдлыг тодруулбал, Бугант, Дулаанхаан, Хүдэр, Хушаат суманд эл өвчний амбулаторид эзлэх хувь 20 буюу түүнээс дээш хувьтай байна хэмээн Сэлэнгэ аймгийн ЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга П.Сэлэнгэ хэллээ.

Мөн аймгийн хэмжээнд нийт 147 хүүхэд эмчлүүлж байгаагаас амьсгалын замын өвчтэй хүүхэд 80.2 хувь буюу 118 хүүхэд байгаа ажээ. Түүнчлэн 26 жирэмсэн эмэгтэй хэвтэн эмчлүүлж байгаагаас 3.8 хувь буюу амьсгалын замын өвчтэй нэг эх байгаа гэнэ. Сэлэнгэ аймгийн хэмжээнд хүүхдийн 130 ор ашигладаг байна. Тэгвэл өнөөдрийн байдлаар 147 хүүхэд хэвтэн эмчлүүлж, хүүхдийн орны ашиглалт 113 хувьтай байгаа ажээ. Сэлэнгэ аймгийн хэмжээнд энэхүү амьсгалын замын халдвараас шалтгаалсан нас баралт гараагүй байна. 

Холбоотой мэдээ