Коронавирусний халдварын улмаас 17 хүн нас баржээ

Дэлхийд | Эрүүл мэнд
khulan@montsame.gov.mn
2020-01-23 07:23:13

БЭЭЖИН. /Xinhua/. Хятадад шинэ төрлийн коронавирусээр үүсгэгдсэн уушгины хатгалгаа өвчний 471 тохиолдол бүртгэгдэж, 17 хүн нас барсан талаар тус улсын холбогдох албаны төлөөлөгчид лхагва гарагт мэдээлжээ.


Хубэй мужийн эрх баригчдын мэдээлснээр, вирусээр халдварласан хүмүүстэй ойр дотно харилцаатай байсан 2556 хүний биеийн байдлыг ажигласнаас 863 хүнийг гэр лүү нь буцаажээ. Хубэй мужид лхагва гарагт вирусний халдварын 69 шинэ тохиолдол бүртгэгдсэнээс 62 нь анх халдвар илэрсэн мужийн нийслэл Ухань хотод бүртгэгджээ. Мөн уг вирусний халдварын тохиолдол Тайланд, Япон, БНСУ, АНУ-д бүртгэгдсэн бол Мексик, Австралид сэжигтэй тохиолдлууд бүртгэгдсэн байна. 


Уушгины хатгалгаа өвчний тархалтыг зогсоох зорилгоор Ухань хотын засаг захиргаа олон нийтийн газраар явах үедээ амны хаалт зүүхийг оршин суугчдаасаа хүсжээ. Мөн Засгийн газрын харьяа агентлагууд, компаниуд, нийтийн хүрээлэнгийн ажилтнууд ажлын байрандаа амны хаалт зүүх шаардлага үүсжээ.


Үүний зэрэгцээ олон нийттэй харилцах үйлчилгээ эрхэлдэг газруудад нэвтрэх хаалганууд дээрээ амны хаалт зүүхийг хүссэн самбар байрлуулж, амны хаалтгүй иргэдийг оруулахгүй байхыг үүрэг болгосон байна.


Мөн Ухань хотод ирж, гарч байгаа тээврийн хэрэгслүүдийн хяналтыг чангатгасан бөгөөд халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор гол замуудын орчимд шалган нэвтрүүлэх цэгүүд байгуулжээ. Тэдгээр цэгт хотоос гарч буй хүмүүсийн биеийн температурыг үзэж, хотод ирж буй тээврийн хэрэгслүүдэд амьтан байгаа эсэхийг шалгах ажээ. 

Холбоотой мэдээ