Удсан хог хаягдлыг цэвэрлэж байна

Монголын мэдээ | Нийгэм
bolor@montsame.mn
2020-01-24 16:44:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханы үүрэг болгосны дагуу нийслэлийн хэмжээнд хог хаягдлын цэвэрлэгээ үйлчилгээ, цуглуулалт, тээвэрлэлийг эрчимжүүлэхээр “Хоггүй шинэлцгээе” аяныг зохион байгуулж байна.  

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, 9 дүүргийн Засаг дарга, асуудал хариуцсан Орлогч дарга, дүүргүүдийн Мэргэжлийн хяналтын хэлтэс, Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, Хот тохижилтын газар ОНӨААТҮГ, Хог хаягдлын үйлчилгээний байгууллагуудын удирдлагуудад холбогдох үүрэг чиглэл өгч, аяны хүрээнд дараах ажлыг үе шаттай хийж байна. Үүнд:

Дүүргүүдийн Засаг дарга нар өөрсдийн нутаг дэвсгэрт одоо үүсээд байгаа хог хаягдал, ачилт хийгээгүй удсан хог хаягдлыг энэ сарын 25-наас өмнө тээвэрлэх ажлыг зохион байгуулах.

Төвийн бүсийн аж ахуйн нэгж, байгууллагууд болон орон сууцны хорооллын хог хаягдлыг оройн 20:00 цагаас өглөөний 05:00 цагийн хооронд тээвэрлэх

Нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд өнөөдрөөс 2-р сарын 20-ныг хүртэл нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, гуу жалганд бөөгнөрсөн хог хаягдлыг цэвэрлэх, айл өрх, аж ахуйн нэгж байгууллагуудын эзэмшил хашаа, талбайд хуримтлагдсан хог хаягдлыг ачиж тээвэрлэх, гэрлийн шонг угаах, шон дээр наасан зарлал, наалтыг хуулах нийтийн эзэмшлийн эд хогшил, хөшөө дурсгал, хогийн сав, сандал, хайс хашлагыг угааж цэвэрлэх, байгууллага, аж ахуйн нэгжүүдийн хаягийн байгууламж угаах, өнгийг сэргээх зэрэг чиглэлээр аж ахуйн нэгж, байгууллагуудыг цэвэрлэгээнд идэвхжүүлэн оролцуулах, хог хаягдлын үйлчилгээний байгууллагуудын хог тээвэрлэлтийг сайжруулах ажлыг хийж эхэллээ. 

Хог хаягдлыг ачиж тээвэрлэх ажил гурав дахь өдрөө үргэлжилж байна. 

Холбоотой мэдээ