Эрдэнэбүрэн сумын өвөлжилтийн байдалтай танилцав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-01-24 21:05:52

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Засаг даргын орлогч Ч.Уранчимэгээр ахлуулсан ажлын хэсэг Эрдэнэбүрэн сумын өвөлжилтийн байдалтай газар дээр нь танилцаж, зарим малчинтай уулзав. 

Эрдэнэбүрэн суманд өвөлжилт өнөтэй байна. Тус сум 260 малчин өрхтэй. 2018-2019 оны мал тооллогоор 156.8 мянган толгой мал тоолуулжээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 18883 толгой малаар буурсан үзүүлэлт юм. Энэ жил тус сумын малчин иргэд нийт 2400 тн байгалийн хадлан бэлтгэсэн. Харин сумын аюулгүйн нөөцөд 50 тн буюу 2000 боодол өвс бэлтгэсэн байна.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн Эрдэнэбүрэн сумын Шураг багийн нутаг "Бор модны арал" гэх газар өвөлжиж байгаа ахмад малчин Т.Намжилсүрэнгийнд зочилж, өвөлжилт хаваржилтын төлөв байдлын тухай ярилцсан юм. 

                                                                                                               Т.Намжилсүрэн: Мал маллахад хамтын хүч чухал 

Малчин Т.Намжилсүрэн нь 37 жил төрийн албанд ажилласан бөгөөд 2011 оноос эхлэн мал маллаж байна. Тэрбээр хэлэхдээ,  энэ жил өвөлжилт хэвийн байна. Ах, дүү таван өрхийн 3000 гаруй мал малладаг бөгөөд хавар 1200 орчим төл авна. Одоогийн байдлаар бог мал Шураг багийн “Хайрханы нуруу” гэх газар буюу уулын бүсэд отроор өвөлжиж байгаа. Харин энэ гол орчимд бод мал өвөлжиж байна. Би малыг дулаан хэвтэртэй, өвс тэжээлээр хомсдуулахгүй байхыг зорьдог. Мал маллахад хамтын хүч, эв нэгдэл их чухал үүрэгтэй гэж бодож байна. Ер нь таван өрх нийлээд мал маллахад отор нүүдэл хийх, малын хэвтэр бууцыг арчлах зэрэг өдөр тутмын үйл ажиллагаанд хүндрэл үүсэхгүй. Ажлаа хуваарилж, тэнцвэртэй хөдөлмөр эрхлэх, мал сүргээ таван төрөл дээр өсгөх боломж бүрдэж байна хэмээв. 

                           Эрдэнэбүрэн сум 2019 онд 16 малчин малжуулжээ 

Сум орон нутгийн малчдыг дэмжих зорилгоор “Залуу малчин хөтөлбөр” хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн хүрээнд 12 малчин тус бүрт 4.0 сая төгрөгийн мал, Малжуулах санг дэмжих төслөөр 4 малчинд нийт 18 сая төгрөгийн мал тус тус олгожээ. Ингээд нийт 16 өрхийн 74 хүнд 66.0 сая төгрөгийн 1306 толгой мал өгсөн байна. 

Мөн хонин сүргийн бүтцийг сайжруулах зорилгоор Увс аймгийн баяд үүлдрийн 100 толгой, хоёроос дээш насны хуц авч, малчдад нийлүүлжээ. Мөн Булган сумын торгууд үүлдрийн 14 толгой хурган хуц гэрээний дагуу авсан, нийлүүлэгт оруулаагүй байна гэж Эрдэнэбүрэн сумын Засаг дарга У.Цэрэнтогтох хэлэв.   

 

Холбоотой мэдээ