Монголбанк "Ариг" банканд бүрэн эрхт төлөөлөгч томилов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-01-25 13:55:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголбанк "Ариг" банканд бүрэн эрхт төлөөлөгч томилохоор өчигдөр шийдвэрлэсэн. Бүрэн эрхт төлөөлөгч томилсноор тус банкны удирдлагын менежментийг Төв банк хариуцан ажиллаж бүрэн хяналтдаа авах юм. 

Тодруулбал, Банкны тухай хуулийн  49-р зүйлд зааснаар "Монголбанк хуульд заасан урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах нь тухайн банкны үйл ажиллагааг сайжруулах, найдвартай тогтвортой удирдлагыг сэргээхэд хангалтгүй гэж үзсэн, эсхүл хуулийн 3.1.16-д заасан нөхцөл үүссэн тохиолдолд банканд нөхцөлт удирдлагыг хэрэгжүүлэхээр шийдвэрлэж, бүрэн эрхт төлөөлөгчийг томилж болно" гэсэн байна. Дээрх хуулийн дагуу банканд нөхцөлт удирдлагыг хэрэгжүүлэх шийдвэр гаргажээ.


Өнөө өглөө буюу нэгдүгээр сарын 25-ны байдлаар "Ариг" банк нийт харилцагч нартаа хандан банкны пос машин болон картын үйл ажиллагаа хэвийн ажиллаж байгааг мэдэгдэж, цаашид шат дараалсан бусад үйлчилгээг хэвийн хүргэх талаар мэдээлж, хүндрэл учруулсанд хүлцэл өчиж буйгаа мэдэгдээд байна. 


"Ариг" банк нь системийн буюу нөлөө бүхий банканд тооцогддоггүй юм байна. Тус банканд бүрэн эрхт төлөөлөгч томилсноор банкны үйл ажиллагаа хэвийн үргэлжилж, салбар тооцооны төвүүдийг хаахгүй гэдгийг мэдэгдэж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг ирэх даваа гарагт өгөх юм байна.

"Ариг" банкийг "Эрэл" групп, "Номин холдинг" компаниуд хамтран эзэмшдэг юм. Хөрөнгө оруулагчдын дунд маргаан гарсны сацуу өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх Төв банкны үүрэг даалгаврыг хугацаанд нь биелүүлээгүй тул дээрх шийдвэрийг гаргажээ.    

Өнөө өглөөний байдлаар "Ариг" банк нийт харилцагч нартаа хандан банкны пос машин болон картын үйл ажиллагаа хэвийн ажиллаж байгааг мэдэгдэж, цаашид шат дараалсан бусад үйлчилгээг хэвийн хүргэх талаар мэдээлж, хүндрэл учруулсанд хүлцэл өчиж буйгаа мэдэгдээд байна. Тус банк нийслэлд 10 гаруй, Дархан-Уул аймагт 3 салбартай ажиллаж байна. 


Холбоотой мэдээ