БНХАУ-д хаврын семистрийн эхлэх хугацааг хойшлуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
khulan@montsame.gov.mn
2020-01-28 12:45:48

БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ-д шинэ төрлийн коронавирусний халдвар дэгдсэнтэй холбогдуулан 2020 оны хичээлийн хаврын семистрийн эхлэх хугацааг хойшлуулна гэж тус улсын Боловсролын яам мэдэгджээ.


Боловсролын яамны мэдэгдэлд коллеж, их сургуулиудын шинэ семистрийн эхлэх хугацааны талаар дурдаагүй боловч тэдгээрийн байршлаас хамааран шийдвэр гаргана хэмээн мэдээлсэн байна.


Мөн ирэх хоёрдугаар сард болох Англи хэлний ур чадварын шалгалтуудыг цуцална гэж Боловсролын яам даваа гарагийн өглөө мэдээлжээ. Үүнд "IELTS", "TOEFL", "GRE", "GMAT" зэрэг шалгалт багтах бөгөөд энэ сарын 31-нд болох "IELTS"-ийн шалгалт ч мөн хамааралтай аж. 


Энэ цаг үед коронавирусний халдварын тархалтаас урьдчилан сэргийлж, хянахыг нэн тэргүүнд тавьж байгаа тул нөхцөл байдлыг ойлгохыг Боловсролын яам шалгагчдаас хүссэн байна. 


Хятад улсад даваа гарагийн оройны байдлаар “2019-nCoV” коронавирусээр үүсгэгдсэн уушгины хатгалгааны 4515 тохиолдол мужийн зэрэглэлийн засаг захиргааны 30 бүс нутагт бүртгэгдэж, 106 хүн нас барсан талаар тус улсын Эрүүл мэндийн газрын удирдлагууд мягмар гарагт мэдээлжээ.


Үндэсний эрүүл мэндийн комиссын өдөр тутмын тайлан мэдээнд дурдсанаар, 976 өвчтөний биеийн байдал хүнд байгаа бол вирусээр халдварласан байж болзошгүй сэжигтэй тохиолдлын тоо 6973 хүрчээ. Мөн эдгэрсэн 60 хүн эмнэлгээс гарсан байна.


Даваа гарагт 1771 шинэ тохиолдол, 2077 шинэ сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, 26 хүн нас барснаас 24 нь Хубэй мужид, 1 нь Бээжин хотод, 1 нь Хайнань мужид тус тус бүртгэгджээ. Вирусний халдвар авсан хүмүүстэй ойр байсан 47833 хүнийг тогтоосноос 914 хүнийг гэр лүү нь буцаасан бол 44132 хүн эмнэлгийн хяналтад байгаа аж. 

Холбоотой мэдээ