Осолд өртсөн иргэдийн биеийн байдал сайжирч байгаа гэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2020-01-28 16:05:05

Баянхонгор /МОНЦАМЭ/. Энэ сарын 24-нд "Наран мандал энтерпрайзес" ХХК-ийн Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын нутаг дэвсгэрт орших Цагаан цахирын уурхайд тэсэлгээний ажлын бэлтгэл шатанд тэсрэлт болж таван хүн бэртсэн талаар бид мэдээлсэн. Осолд өртсөн иргэд нь тус компанийн ажилтнууд биш, туслан гүйцэтгэгч "Пироп Эрдэнэ" ХХК-ийн ажилтнууд болохыг тус уурхайгаас мэдэгдлээ. 

Тэдгээр ажилчид тэсрэх материалын хэрэгслийн агуулахад тэсэлгээний ажлын бэлтгэл хийж байх явцдаа ийнхүү осолд өртжээ. Мэдэгдэлд, Одоогийн байдлаар осолтой холбоотой мэдээллийг цуглуулж байгаа бөгөөд осолд өртсөн иргэдийг эмнэлгийн байгууллагад шилжүүлж, шаардлагатай эмчилгээг хийж байгаа ба биеийн байдал нь сайжирч байгааг мөн тэмдэглэжээ.

Түүнээс гадна болсон явдалд гүнээ харамсаж буйгаа дурдаад, осол гарсан шалтгааныг шалгаж тогтооход компанийн зүгээс шаардлагатай бүхий л дэмжлэг туслалцааг үзүүлнэ гэжээ. "Хэдийгээр энэхүү осол нь манай компанийн үйл ажиллагаатай шууд хамааралгүй боловч бид цаашид хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм журам, заавар зааварчилгаа, аюулгүй ажиллагааны сахилгыг сайжруулах, тэдгээрийн биелэлт хэрэгжилтэд компанийн зүгээс тавих хяналт шаардлагаа чангатгах арга хэмжээ, ажлуудыг хийхээр зорьж ажиллахаа мэдэгдэж байна" гэдгийг мөн дурдсан байна.

Холбоотой мэдээ