“Nike”-н цахим хуудсан дахь Кобигийн нэрийн бүтээгдэхүүнүүд дуусжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2020-01-29 13:37:26

ВАШИНГТОН. /Reuters/. Америкийн үндэстэн дамнасан Nike” корпорацын цахим хуудсан дахь домогт сагсанбөмбөгч Коби Брайантын нэрийн бүтээгдэхүүнүүд дуусжээ. К.Брайант нисдэг тэрэгний ослын улмаас өнгөрсөн ням гарагт амиа алдсан юм.


Nike”-н цахим хуудсан дахь Коби брэндийн бүтээгдэхүүнүүдийн хэсэг рүү ороход алдарт сагсанбөмбөгчид зориулсан эмгэнэлийн хуудас гарч ирж байгаа ажээ. 18 настайгаасаа алдаршиж эхэлсэн К.Брайант Лос-Анжелес Лейкерс багт 20 жилийн турш хүчин зүтгэж, бүх оддын тоглолтод 18 удаа оролцож, “NBA”-н аваргаар 5 удаа тодорчээ.


К.Брайант “Nike” компанитай 20 орчим жилийн өмнөөс хамтран ажиллаж эхэлсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд олон бүтээгдэхүүнийг худалдаанд гаргажээ. Тэдгээр бүтээгдэхүүн шүтэн бишрэгчдийн таашаалд ихээхэн нийцдэгийн зэрэгцээ Кобигийн нэрийн пүүзийг лигийн тоглогчид өмсөх дуртай байдаг ажээ. “ESPN” сувгийн мэдээлснээр, энэ улиралд “NBA”-н 100 гаруй тоглогч К.Брайантын пүүзийг өмссөн байна.


NBA”-н од тамирчны сууж явсан нисдэг тэрэг өнгөрсөн ням гарагт Калифорни муж улсын Калабасас хотод осолдсон бөгөөд хөлгийн тавцанд байсан 9 хүн бүгд амь насаа алдсан юм. Тэрбээр уг нисдэг тэргэнд 13 настай охин Жианнатайгаа хамт явж байжээ. 


“Коби Брайант “Nike”-н гэр бүлийн хүндэт гишүүн байсан юм” гэж “Nike” компани мэдэгдсэн байна. 

Холбоотой мэдээ