Тогоруу хамгаалах жил эхэллээ

Дэлхийд | Байгаль орчин
Jargal.d@montsame.mn
2020-01-31 14:28:22

ВЛАДИВОСТОК. /RIA Novosti/.  ОХУ, Монгол Улс болон БНХАУ-ын эрдэмтэд тогоруу шувууг судлах, хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулах тогоруу хамгаалах жил нэгдүгээр сарын 31-нд эхэллээ гэж ОХУ-ын Амар муж дахь Дэлхийн байгаль хамгаалах сангийн /WWF/ салбарын захирал Петр Осипов сэтгүүлчдэд мэдээлжээ.


2020 оныг тогоруу хамгаалах жил болгон зарласан юм.  Тогоруу хамгаалах олон улсын сан болон Евразийн ажлын хэсгээс зарласан энэхүү томоохон санаачилгад Дэлхийн байгаль хамгаалах сан /WWF/ нэгджээ. ОХУ-ын шувуу хамгаалах холбоо 2020 оны шувуугаар тогорууг сонгосон байна. Амар мөрний сав газар нь дэлхийн “хамгийн олон тогоруутай” бүс нутаг бөгөөд манай гараг дээрх 15 зүйлийн тогорууны 6-г нь энд харж болно.


“Өнөөдөр Тогоруу хамгаалах жил эхэлж байна. Энэ жил бид амьдрах орчинг хамгаалах, судалгаа хийх, байгаль орчны боловсрол олгоход чиглэсэн олон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байна. Энэхүү үйл ажиллагаанд Оросын WWF төдийгүй дэлхийн өнцөг булан бүрд тогоруу судалж байгаа эрдэмтэд, “тогоруун” сан нэгдсэн нь маш чухал юм. Бидэнтэй мөн Хятад, Монголын WWF нэгдсэн” гэж Осипов хэлээд арга хэмжээнүүд хоёрдугаар сарын 2-нд эхэлнэ гэдгийг мэдээлжээ.


Орос, Монгол, Хятад гэсэн гурван улсын нутаг дамнан оршдог учраас  Олон Улсын Дагуурын Дархан Цаазат Газар WWF -гийн түнш байгууллага болох ажээ. Эдгээр нутагт тогорууг нэг аргачллаар тоолдог байна.


Холбоотой мэдээ