Азийнхан аль зүгт аялахыг хүсэж байна вэ?

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2025-09-11 17:00:06

АМСТЕРДАМ, 2025 оны есдүгээр сарын 11 /CNBC/. Бали, Бангкок, Мальдивын чиглэлүүд нь дэлхийн аялагчдын “хүслийн жагсаалт”-ыг ихэвчлэн тэргүүлдэг бол Ази, Номхон далайн бүс нутгийн аялагчид өөрийн бүс нутаг дахь бусад чиглэлд аялахаар төлөвлөж байгааг Booking.com” цахим хуудасны судалгаа харуулжээ. 


Тодруулбал, нэгдүгээр сарын 1-нээс зургаадугаар сарын 30-ны хооронд хэрэглэгчдийн хийсэн хайлтад дүн шинжилгээ хийхэд Ази, Номхон далайн бүс нутгаар аялах сонирхол улс орон бүрийн хувьд харилцан адилгүй байгаа нь харагдсан байна. Гэхдээ судалгаа явуулсан нутаг дэвсгэрүүдийн 70 хувьд нэг улс тэргүүлсэн нь Япон байлаа.


Токио бүс нутагтаа “аялахыг хүсдэг газруудын жагсаалт”-ыг тэргүүлсний зэрэгцээ Осака хот нь Тайвань, Хятад, Хонконг, Сингапур, Өмнөд Солонгосын аялагчдын хүслийн жагсаалтын эхний 10багтсан байна. Түүнчлэн япон аялагчид мөн улс орноороо аялахыг илүүд үздэгийг тогтоосон бөгөөд тэдний хамгийн их хайдаг газруудын дунд өөр улсын нэг хот байсан нь Өмнөд Солонгосын Сөүл /5-р байр/ ажээ. Харин Өмнөд Солонгос, Хонконгийн аялагчдын хувьд Японы өмнөд нутгийн Фүкүока хот /4-р байр/ мөн дээгүүр бичигджээ.


Япон руу аялахыг хэн сонирхохгүй байна вэ?

Booking.com-ийн мэдээлснээр, Вьетнам, Энэтхэг, Малайзын аялагчид Япон, түүгээр ч зогсохгүй олон улсын жуулчдын зорих дуртай газруудыг сонирхох нь бага бөгөөд эсрэгээрээ өөрийн орноор аялахыг илүүд үздэг болох нь судалгааны дүнгээс харагдсан байна. Тухайлбал, Вьетнам аялагчдын хамгийн их сонирхож хайсан эхний 10 газар нь Вьетнамд байсан бөгөөд далайн эргийн Дананг хот тэргүүлж, дотооддоо хийх аяллын хайлт өнгөрсөн оныхоос 94 хувиар өсжээ. Үүний нэгэн адил малайзчуудын хайлтыг тэргүүлсэн эхний 10 газрыг Куала Лумпур, Мелака, мөн Пинанг арал дээр байрлах Жоржтаун тэргүүтэй хотууд эзэлжээ.


Харин энэтхэгчүүдийн дунд хамгийн их хайж сонирхсон газар нь Дубай байв. Энэтхэгийн DD News” телевизийн мэдээлснээр, 2025 оны эхний хагаст 10 сая орчим жуулчин Дубайд ирсэн бөгөөд тэдний 10 хүн тутмын нэг нь Энэтхэгээс ирсэн байжээ. Дубай бол АНЭУ руу амарч зугаалах, ажил хайх зорилготой Энэтхэгийн аялагчдын хамгийн их очдог газар юм. Энэтхэгийн Гадаад хэргийн яамны мэдээлснээр, 2024 оны байдлаар ойролцоогоор 9.26 сая энэтхэг хүн Ойрх Дорнодод ажиллаж, амьдарч байжээ.


Балигаас Бангкок хүртэл

Австралиас Сидней, Мельбурн хотууд гадаадын жуулчдын сонирхлыг хамгийн их татдаг бол австраличуудын хувьд зүүн эргийн дагуух Голд-Кост хот руу аялахыг илүүд үздэг гэж Booking.com” мэдээлжээ. Түүнчлэн австраличууд Бали /5-р байр/, Токио /7-р байр/, Сингапур /9-р байр/ руу аялах хүсэлтэй байдаг ажээ.


Харин Бангкок нь Хятад, Хонконг, Сингапур, Өмнөд Солонгосын аялагчдын хамгийн их хайдаг газруудын тоонд оржээ. Гэсэн хэдий ч Тайландын нийслэлээр аялах сонирхол Хятад /-20%/, Өмнөд Солонгост /-18%/ өнгөрсөн оныхоос буурсныг Booking.com-ийн мэдээлэл харуулжээ. Тайландын хувьд гадаадын аялагчдыг, ялангуяа хамгийн том зах зээл болох Хятадаас жуулчдыг татахыг эрмэлзэж байгаа бөгөөд нэгдүгээр сарын 1-нээс наймдугаар сарын 17-ны хооронд тус улсад ирсэн гадаадын жуулчдын тоо өмнөх оны мөн үеийнхээс долоон хувиар буурсан гэж Reuters агентлаг мэдээлсэн байна.


Наймдугаар сард Тайландын эрх баригчид улс орондоо ирэх жуулчдын урьдчилсан таамаг тоог 37 саяас 33 сая болгож бууруулжээ. Тус улс 2019 онд 40 сая орчим гадаадын жуулчин хүлээн авч байв.

 


Холбоотой мэдээ