Олон улсын “Barilga expo” үзэсгэлэн яармагийг нээлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Монгол Улсын барилгын салбарын хамгийн том, стратегийн ач холбогдол бүхий “Barilga expo” олон улсын 38 дахь удаагийн үзэсгэлэн яармагийг өнөөдөр “Буянт-Ухаа” ордонд нээлээ.
Энэ удаагийн
үзэсгэлэн яармагт Монголд анх удаа 24 мега төслийг цогцоор нь, мөн шинэ орон сууцны төсөл хөтөлбөрийг
олон нийтэд танилцуулахаас гадна барилгын
салбарын шинэчлэлийн бодлого, хөгжлийн чиг хандлага, ногоон барилгын шийдэл, дэвшилтэт техник,
технологийн бодит хэрэглээ, олон
улсын хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтын шинэ боломжуудыг сонирхуулж байна. Мөн барилгын материал,
тоног төхөөрөмж,
интерьер
дизайн, архитектур,
инженерийн
дэвшилтэт
шийдлүүд, олон улсын
хөрөнгө оруулалтын боломж, хамтын ажиллагааны шинэ гарцууд, түрээслээд өмчлөх орон сууц болон барилгын үйл ажиллагаа эрхлэх тусгай
зөвшөөрлийн талаар мэдээлэл
авах боломжтой.
Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга М.Баяраа үзэсгэлэн яармагийг нээж хэлсэн үгэндээ, “Салбарын үйл ажиллагаа өргөжин тэлэхийн хэрээр хууль эрх зүйн шинэчлэл, барилгын норм нормативын баримт бичгийн зохицуулалтыг боловсронгуй болгох, цаг үеийн шаардлагад нийцүүлэх, инженер техникийн мэргэжилтэй ажилтнуудыг сургаж мэргэшүүлэх асуудал урган гардаг. Иймд Хууль эрх зүйн шинэчлэлийг хийж Барилгын ерөнхий хууль, Хот байгуулалтын тухай хууль, Орон сууцны ашиглалтын тухай хуулийн шинэчилсэн найруулга,Үндэсний орон сууцжуулалтын тухай Барилгын салбарын багц хуулийн төслийг боловсруулан батлуулахаар ажиллаж байна" гэлээ.
Барилга угсралт, их засварын ажлын дүнг харахад 2023 онд 7.9
их наяд төгрөгийн бүтээн байгуулалт хийсэн бол 2024 онд 9.1 их наяд болж өсжээ. Одоогоор ДНБ-ий 3.3 хувийг барилгын салбар бүрдүүлж, 96.1
мянган барилгачин ажиллаж
байгаагаас 8154 буюу 8.5 хувийг мэргэшсэн, зөвлөх инженерүүд эзэлж байна.
Үзэсгэлэн яармагт
салбарын мэргэжлийн холбоодын удирдлага, төсөл хэрэгжүүлэгч байгууллагын төлөөлөл болон ОХУ, БНХАУ, БНСУ, Герман, Итали, Турк, Япон зэрэг 20
гаруй орны 60 гаруй компани, дотоодын 300 гаруй байгууллага оролцож, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ санал болгож
байна.
ХББОСЯ, НЗДТГ “Барилга МН”хамтран зохион байгуулж буй барилгын салбарын бодлого, инновац, цаашдын чиг хандлагыг танилцуулах ач холбогдолтой тус үзэсгэлэн яармаг энэ сарын 14 хүртэл үргэлжилнэ.