“МЭНИ” ааруул худалдаанд гарлаа

Орон нутагт | Хэнтий
odontungalag@montsame.mn
2020-02-01 19:50:37

Хэнтий /МОНЦАМЭ/, Сүүлийн үед шинэ содон зүйлийг санаачилж, нутагтаа хийж бүтээх хүсэл эрмэлзэл дүүрэн залуус олон болж байна. Тэдний төлөөлөл Бямбадоржийн Жамъяныг энэ удаад онцолж байна. Тэрбээр аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын “Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр”-т хамрагдаж 10 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг авчээ. Түүгээрээ "МЭНИ" брэндийг үүсгэн байгуулж, хэрэглэгчдэд эрүүл, амин дэмээр баялаг экологийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн хүргэхийг зорьжээ 

 

-     МЭНИ” ааруул гэх нэрнийхээ талаар манай уншигчдад тайлбарлаж өгөөч?

-   -Хүүхдэд зориулсан эрүүл бүтээгдэхүүнээ “МОНГОЛЫН ЭРҮҮЛ НАРЛАГ ИРЭЭДҮЙ” гэж нэрлэн товчлоод “МЭНИ ааруул” хэмээж зах зээлд гаргаж байна.

-    - Анх энэ бүтээгдэхүүний санаагаа хэрхэн олж байв?

-   - Аяллаар явж байхад бусад аймагт нутгийн брэнд бэлгийн багцдаа сонирхолтой, амттай, гоё гоё бүтээгдэхүүн өгч байсан. Тэр үед Хэнтий нутгийн брэнд болсон зүйлсийг мөн ингэж өгвөл гоё юм гэж боддог байлаа. Хоёр хүүхдийн маань нэг нь чихэр амттан идэх дуртай, нэг нь ааруул идэх дуртай. Чихэр иддэг хүүхдийнхээ хэрэглээг хянах хэрэгтэй байсан болохоор ааруулыг нь амттай чихэрлэг болгоод өгөхөөр чихэр идэхээ больсон. Ингэж бүтээгдэхүүнийхээ санааг олсон доо. Хүүхдийнхээ хүслийг биелүүлэхээс гадна эрүүл мэндэд нь давхар анхаарсан шийдэл болохоор бусад хүүхдэд ч хэрэглээ болгох үүднээс олноор үйлдвэрлэхээр шийдсэн. Зүгээр нэг эко бүтээгдэхүүн байхаас гадна хүүхдийн анхаарлыг татсан байх шаардлагатай тул хэлбэр хийц, сав баглаанд ч анхаарч байгаа.

-     -Бүтээгдэхүүний патентаа авсан уу?

-    -Тийм ээ, патентын эрхээ авсан. Хэнтий аймаг цаашлаад Монгол Улсын хэмжээнд бүтээгдэхүүнийг хуулбарлан үйлдвэрлэх боломжгүй юм. Манай Монголын хувьд шинэ бүтээгдэхүүн гарахаар хуулбарлах хандлага их байдаг. Энэ нь эргээд хуулийн хариуцлага хүлээхэд хүргэдэг гэдгийг дурдах нь зүйтэй байх.

-     - Хэдэн оноос санаагаа хэрэгжүүлж эхэлсэн бэ?

-   - 2017 онд анх санаагаа гаргаад, 2018 онд гарааны бизнес дэмжих төсөлд ороод авч чадаагүй, 2019 онд дахин ороод “START UP”–аас дэмжлэг авсан.

-     - Бүтээгдэхүүнээ хэдэн төрлөөр гаргаж байгаа вэ?

-    -Иштэй чихрийг дөрвөн төрлөөр гаргахаар төлөвлөж нэрстэй нь гарч эхэлсэн. Цаашдаа илүү олон бүтээгдэхүүн үйлдвэрлэх төлөвлөгөөтэй байгаа. Одоогоор нэрстэй бүтээгдэхүүний сав баглаа ирсэн тул үйлдвэрлээд эхэлсэн. Үлдсэн бүтээгдэхүүний сав баглаа ирвэл шууд үйлдвэрлэхэд бэлэн. Чацарганатай, аньстай, луувантай гэсэн гурван төрлийг нэмж үйлдвэрлэнэ. Хэрэглэгчийн ихэнх хувийг бага насны хүүхэд эзлэх тул 100% эко буюу өнгө, амт оруулагчгүй, чихэрний иш нь цаасан гэх зэргээр давуу талтай. Ишийг БНХАУ-аас эрүүл ахуйн бичигтэй оруулж ирдэг.

-     - Үйлдвэрийн тоног төхөөрөмжийн хувьд хэр хүрэлцээтэй, хүчин чадалтай вэ?

-    -  Хэвлэх, хатаах, савлах гэсэн 3-4 төрлийн тоног төхөөрөмж одоогоор ашиглаж байна. Хагас автомат төхөрөөмжүүд тул гурван хүнийг ажлын байраар хангасан. Үүнд хүнсний технологич, туслах ажилтан багтаж байна. Хоногт 1000 уут буюу 2000 ширхэг чихэр үйлдвэрлэх боломжтой.

-     - Бүтээгдэхүүний түүхий эдээ хаанаас хэрхэн бэлтгэж байна вэ?

-   -Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас санхүүжиж байгаа тул Хэнтий нутгийнхаа малчдаас түүхий эдээ авдаг. Ингэснээр давхар нэлээд өрхийг орлогожуулж байна гэсэн үг. Одоогоор Дадал, Норовлин, Баянхутаг зэрэг сумаас авч байгаа.

-    -Бүтээгдэхүүнээ дэлгүүрт нийлүүлж эхэлсэн үү? Хэр эрэлттэй байна. Судалгаа хийсэн үү? Фэйсбүүкээр асуулга явж байсан санагдаж байна.

-   -Яг одоогоор нийлүүлээгүй байна. Бүтээгдэхүүнээ танилцуулж амталгаа хийсэн. Бүтээгдэхүүний захиалга ирж байна. Үйлдвэрлэлийн процесс явагдаж, Мэргэжлийн хяналтын дүгнэлт гарна, тэгэхээр нийлүүлж эхэлнэ. Гадуур хүүхдүүдээс нэрс, луувантай хоёр төрлийн амтны алийг нь илүү сонирхож байгааг судалж, дахин нэр төрлөө нэмэгдүүлж чадсан. Мөн цахим орчинд асуулга явуулсан.

-     - Бүтээгдэхүүнээ борлуулах дэлгүүрээс гадна нэрийн дэлгүүр, лангуу ажиллуулах уу?

-     -Эхний ээлжинд хүмүүсийн байнга үйлчлүүлдэг дэлгүүрүүдэд нийлүүлнэ. Гол зорилго нь эцэг эхчүүд цаашлаад хүүхдүүд хариулт мөнгөндөө хятад чихэр авч байхаар эрүүл амттай чихэр авч байгаасай гэсэн хүсэл байна. Үнийн хувьд үйлдвэрээс 600 төгрөгөөр эхний төрөл гарч байгаа. Яг дэлгүүрийн лангуун дээр хэд гэж зарагдахыг одоогоор хэлж мэдэхгүй, нийлүүлээд ирэхээр тодорхой болно.

-     -Бизнесээ өргөжүүлэх ирээдүйн зорилгоосоо хуваалцаач?

-    - Мэдээж маш их зүйлийг төлөвлөн ажиллаж байна. Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас сургалт явуулж, 21 аймаг, 9 дүүргийн “Start up”-уудыг цуглуулан дахин өрсөлдүүлэхэд “Шилдгүүдийн нэг"-ээр шалгарсандаа тун баяртай байна. Энэ нь ахисан шатны хурдасгуур хөтөлбөрт хамрагдаад хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, үйл ажиллагаагаа өргөжүүлэх боломжийг олгож байгаа юм.

-     -Та ямар мэргэжилтэй вэ? Хувийн бизнес хийхээс өмнө юу хийдэг байв? Өөрийгөө товч танилцуулна уу?

-    -Би Хэнтий аймгийн уугуул хүн. Аялал жуулчлалын менежер мэргэжилтэй. Сургуулиа төгсөөд аяллын бус улиралд хувиараа хөдөлмөр эрхэлж байсан.

-     -Хувийн бизнесээ эхлүүлэх хэр байна даа?

-    - Бизнес эхлүүлнэ гэдэг асар их тэвчээр, золиос шаардсан зүйл. Гэсэн хэдий ч би энэ бизнестээ тун сонирхолтой, дуртай.

-    -Танд амжилт хүсье.

Холбоотой мэдээ