19.4 сая төгрөгийн шаардлагатай тоног төхөөрөмжийг шийдвэрлэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2020-02-04 17:18:18
Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан, орлогч дарга Б.Болормаа нар аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн болон дотрын тасгаар орж томуу, томуу төст өвчний одоогийн нөхцөл байдал, шинэ төрлийн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх халдвар хамгаалал, эрүүл ахуйн байдалтай танилцлаа.
Нэгдсэн эмнэлгийн дотрын тасаг 52 орны хүчин чадалтай ч томуугийн дэгдэлт их байгаатай холбоотойгоор 73 өвчтөн хэвтэн эмчлүүлж байна. Хэвтэн эмчлүүлэгсдийн 22 нь уушгины хатгалгаатай байгаа ба өдөрт 4-5 хүн хатгалгаа хүндэрсэн байдалтайгаар ирж, яаралтайгаар хэвтэж байгааг дотрын тасгийн эрхлэгч эмч Г.Гэрэлтуяа хэлж байна.
Хүүхдийн тасаг нь 33 ортой. Өнөөдрийн байдлаар 70 хүүхдийг хэвтүүлэн эмчилж байна. Хүүхдийн тасагт нэмж гурван сувилагчийг нэмж ажиллуулж байгаа гэнэ. Хүүхдийн тасгийн эмчийн хэлснээр хүчилтөрөгчийн аппарат дутагдалтай, автомат агааржуулалтын системийн мотор эвдэрсэн гэв. Аймгийн удирдлагуудын зүгээс аймгийн Нэгдсэн эмнэлэгт 5 хүчилтөрөгчийн аппарат, амны хаалтны хэрэглээнд 200,000 төгрөгийг, халууны зайнаас мэдрэгчийг аймгийн хэмжээнд 20 ширхэгийг тус тус шийдвэрлэхээр боллоо. Мөн хүүхдийн тасгийн автомат агааржуулалтын хэвийн үйл ажиллагааг хангах зорилгоор агааржуулалтын системийн моторыг шинэчилж өгөхөөр боллоо. Өнөөдрийн байдлаар цонхоо онгойлгож механик агааржуулалтыг зохих цаг хугацаанд нь хийж байгаа ажээ.
Томуугийн дэгдэлт их байгаатай холбоотойгоор Нэгдсэн эмнэлгийн хэмжээнд өөрсдийн дотоод нөөц боломжийг ашиглан 100 орыг дэлгэн, өвчтнүүдийг хүлээж авч ажиллаж байна гэдгийг ЭМГ-ын дарга хэлж байв.
Холбоотой мэдээ