Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Баян-Өлгий аймагт ажиллалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-04-24 20:07:27

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг энэ сарын 22-нд Баян-Өлгий аймагт ажиллаж, аймгийн төвийн ард иргэдтэй уулзалт хийлээ. Уулзалтын үеэр иргэдэд Монгол Улсын нийгэм эдийн засгийн байдал, 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтийн талаар мэдээлэл өгч онд хийгдсэн бүтээн байгуулалтын ажлуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, иргэдийн тавьсан асуултуудад хариулт өглөө.

Боловсрол соёлын газрын үйл ажиллаганы чанар дутмаг талаар иргэд ихээхэн санал, шүүмж хэллээ. Өлгий-Казакстаны чиглэлийн онгоцны нислэгийг сэргээх, тэтгэврийн зээлийн хүүг бууруулах, Өлгий сумын цэвэрлэх байгууламжийг яаралтай шинэчлэх, амаржих газар болгож өргөтгөх, 50 ортой эмнэлгийн төсвийг тодотголоор шийдүүлж өгөхийг Ерөнхий сайдаас иргэд хүслээ.

Мөн аймгийн төвийн цэвэрлэх байгууламжийг шинэчлэхэд шаардагдах 1,5 тэрбум төгрөгийн хөрөнгийн асуудлыг шийдвэрлэхээ амлаж, Өлгий-Усьткаменогорск чиглэлийн онгоцны нислэгийг орон нутгийн нислэгүүдтэй уялдуулан ойрын хугацаанд дахин сэргээх, Өлгий хотод махны үйлдвэр барих чиглэлээр тодорхой ажлууд зохион байгуулагдаж байгааг дуулгалаа.

Баян-Өлгий  аймагт ажиллах үеэрээ Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Өлгий сумын цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаатай танилцсан юм.  1986 онд баригдсан цэвэрлэх байгууламж 1997 он хүртэл механик болон биологийн цэвэрлэгээний аргаар бүрэн хүчин чадлаараа ажиллаж хоногт 20 мянган куб.метр бохир усыг цэвэрлэх үйл ажиллагаа явуулж байгаад тоног төхөөрөмжийн гэмтэл, насжилтаас болж бохир усны дөнгөж 20 орчим хувийг л цэвэрлэх болжээ.

Өлгий сумын цэвэрлэх байгууламж бохироо бүрэн цэвэрлэж чадахгүй болсноос дутуу цэвэрлэгдсэн ус Ховд голд нийлж,  хүмүүсийн эрүүл мэндэд сөрөг нөлөө учруулсаар байна. Их засвар хийлгүүлэхээр 1,5 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гарсан бөгөөд цэвэрлэх байгууламжийг шинээр барихад шаардлагатай энэ хөрөнгийг шийдвэрлэж өгөхийг Ерөнхий сайдаас хүслээ.

Ш.Айзаря

Холбоотой мэдээ