Газрын төлбөрөөс 800 гаруй сая төгрөгийг аймаг сумын төсөвт төвлөрүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2020-02-05 16:05:33

Сүхбаатар /МОНЦАМЭ/. 2020 онд Сүхбаатар аймгийн хэмжээнд газрын төлбөрөөс 800 гаруй сая төгрөгийг аймаг сумын төсөвт төвлөрүүлэхээр төлөвлөжээ. Үүний 600 орчим саяыг газрын дуудлага худалдааны орлогоор бүрдүүлэхээр тооцсон байна.

Төсвийн тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөр газрын төлбөрийн орлогын 60 хувь нь аймгийн, 40 хувь нь тухайн сумын төсөвт ордог болсон. Газрын төлбөрийн орлого нь иргэн ААНБ-уудын эзэмшил ашиглалтын газрын төлбөр, газрын дуудлага худалдаа, хадлан бэлчээрийн төлбөрийн орлогуудаас бүрддэг байна. Үүний дагуу 2020 онд газрын төлбөрөөс тус аймгийн хэмжээнд нийт 834,7 сая төгрөгийн орлогыг төвлөрүүлэхээр төлөвлөжээ. Уг орлогын 50 хувийг Эрдэнэцагаан сумын Бичигтийн боомт дээр зарлах газрын дуудлага худалдаанаас төврөлүүлэхээр төлөвлөсөн байна.

Харин энэ онд 13 сумын 63 байршилд 30,4 га газрын газар эзэмших эрхийн дуудлага худалдаа зохион байгуулахаар баталжээ. Энэ дуудлага худалдаанаас төсөвт 600 сая төгрөгийн орлого төвлөрүүлэхээр тооцоолсон байна.

Газрын төлбөрийн зохих хувийг иргэн ААНБ-ын эзэмшил ашиглалтад байгаагаас бусад төрийн өмчийн газрыг хамгаалах, нөхөн сэргээх, газар зохион байгуулалтын арга хэмжээнд зарцуулдаг аж.

 

 

Холбоотой мэдээ